Өнгөрсөн долдугаар сарын эхээр Ховд аймагт их хэмжээний аадар бороо орсны улмаас Жаргалант сумын ихэнх багуудын айл, өрхүүд үерт автсан билээ. Тухайн үед мэргэжлийн байгууллага, ажлын хэсгийнхэн 600 гаруй айл, өрх үерийн гамшигт нэрвэгдэж тодорхой хэмжээний хохирол учирсан гэсэн судалгааг урьдчилсан байдлаар гаргасан. Харин аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж, Жаргалант сумын 176 өрх, Мянгад сумын дөрвөн өрх, Чандмань сумын долоон өрх нийт 187 өрхөд 240,300 төгрөг буюу нийт 45 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгоод байна.
Мөн бэлэн мөнгөний тусламжинд хамрагдсан иргэдэд гал тогооны ком, хөнжил, гудас, усны сав зэрэг эрүүл ахуйн багцын тусламж буюу нийт 70,0 сая төгрөгийн бараа материалын тусламжийг нэмж өглөө. Ингэснээр Ховд аймгийн Жаргалант сумын үерт өртсөн иргэдэд МУЗН-ээс 115,0 сая төгрөгийн тусламжийг олгоод байна.