Баянзүрх дүүргийн XI хороо буюу Хонхор тосгоны III багт байрлах, автомашины зай хураагуураас хар тугалга ялгаж, экспортолдог гэх “Заламт гол” компанийнхны үйл ажиллагааг тэндхийн иргэд өдгөө ч эсэргүүцсээр буй. Гэтэл өнгөрсөн тавдугаар сараас тухайн хороонд дахин хоёр ч үйлдвэр зай хураагуур хайлуулах болов. Харамсалтай нь, хууль, хяналтын байгууллагынхан тухайн үйлдвэрүүдийн толгойг илж буй бололтой, арга хэмжээ авалгүй өнөөдөртэй золголоо.
Тэд хорооны болон багийн даргыг үйлдвэр рүү нэвтрүүлдэггүй, хаалгаа дангинатал цоожилдог гэнэ. Тухайн хорооноос томилогдсон ажлын хэсэг болон цагдаагийн тасгийнхан үйлдвэрүүдийг шалгах үеэр газар дээрээс нь сурвалжиллаа. Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн зөвшөөрөлгүй эдгээр үйлдвэрийг битүүмжлээгүй тул хорооныхон ийнхүү “шалгадаг” аж.
Суурьшлын бүсэд дур мэдэн зай хураагуур хайлуулсан эхний компани нь “Хос даль”. Тэд өнгөрсөн тавдугаар сарын 20-доор хар тугалга хайлуулж эхэлжээ. Тэднийх “Заламт гол”-оос нэг км хүрэхгүй зайд байрладаг аж. Улсын баяр наадмын өмнө үйл ажиллагаагаа зогсоохыг сануулж, хорооны удирдлага шаардлага хүргүүлсэн ч өнөөг хүртэл хүнд даацын машин хашаа руу нь орж, гарч буй талаар малчид мэдээлэв. Хашаа руу орсон дугуйн мөр худлаа хэлээгүйг нь нотолсон юм.
Багийн дарга хашааных нь хаалгыг нэлээд удаан цохисны эцэст нэгэн эр “Хэн бэ, ямар хэргээр явж байна” гэж хашхирав. Хэрэв цагдаа очоогүй бол хаалгаа нээхгүй нь лавтай байлаа. Өөрийгөө Баатар хэмээн танилцуулсан, Өвөрмонголоос ирсэн гэх тэрбээр тухайн үйлдвэрт орчуулагчаар ажилладаг гэнэ. “Бид аккумлятор хайлуулаагүй. Тогооч эмэгтэй хот руу явсан. Би ганцаараа байгаа учраас та нарт мэдээлэл өгч чадахгүй” гэсээр угтсан юм. Гэхдээ өрөөний мухарт “далд хийсэн” хятад залуу нь багийн даргад баригдлаа.
Холбогдох албаныхан наадмын өмнө шалгалт хийхэд тус үйлдвэрт хятадын дөрөв, БНАСАУ-ын найман иргэн ажиллаж байжээ. Тэд манай улсад хөдөлмөр эрхлэх эрхгүй байсан гэнэ. Мөн 17-18 насны 20 гаруй хүүхдийг өдрийн 35 000 төгрөгийн хөлсөөр ажиллуулж, зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийн уусмалыг хөрс рүү асгаж байж. Тэдний эл үйлдлийг гэрчлэв үү гэмээр харлаж, улайсан том талбай байсан юм. Нүдэн баримжаагаар нэг га хэмжээтэй хашааны гуравны нэг нь ийнхүү бохирджээ. Нэг тонн багтаамжтай хуванцар саванд хадгалсан уусмал нь ч хуучнаараа байгааг хорооныхон харуулсан.
“Хос даль” компанийн хураасан аккумлятороос хүхрийн хүчлийн уусмал асгарсаар байна
Ялгасан хар тугалга, хаягдал, хүхрийн хүчлийн уусмалыг хэрхэхийг, тэр байтугай ажилладаг үйлдвэрийнхээ нэрийг ч мэдэхгүй гэж Баатар хэлсэн. Захирал нь түүний цалинг данс руу нь шилжүүлдэг хэдий ч холбоо барьдаггүй гэнэ. Гэвч тэрбээр сайн ажилчин бололтой, хашааны голд овоолсон аккумлятор болон хаягдлыг нь хулдаасаар хучиж, эрүүл хөрсийг ургамлынх нь хамт хуулж авчраад даруулсан байлаа. Борооноос хамгаалсан нь тэр гэнэ. Бас болоогүй ээ, ирмэгийг нь машины дугуйгаар сайтар дарсан байв. Тэрбээр хөрсийг хашааныхаа гаднаас авдаг гэж хэлсэн.
Тус үйлдвэр арав хүрэхгүй хоног үйл ажиллагаа явуулахдаа ойролцоогоор 100 орчим ам метр талбайтай агуулахыг зай хураагуурын хогоор дүүргэжээ. Мөн цөөнгүй аккумлятор цуглуулсан байв. Задлахаар нөөцөлсөн зарим аккумлятороос нь хүхрийн хүчлийн уусмал асгарч, орчныхоо талбайг бохирдуулсаар байгаа юм билээ.
“У.ХҮРЭЛСҮХ САЙД ЭНД БОЛОВСРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭНЭ ГЭСЭН”
Тус үйлдвэрээс км орчим зайд байрлах объект бидний очсон дараагийн газар байв. Хорооны ажилчид тийш явах зуур “Сүүлд нээгдсэн хоёр үйлдвэр хоорондоо холбоотой юм шиг байна лээ. Наадмын өмнө “Хос даль”-иас гараад эднийх рүү явахад гурван машин дүүрэн хүн тал тал тийш зугтсан. Зарим нь бүр явганаар жирийсэн гээд бод доо. Учраа мэдээгүй нэг жолооч нь “Аккумлятороо буулгана гэчихээд яагаад бүгдээрээ явчихав аа” гэж орж ирээд бидэнд баригдсан” гэж ярьсан юм.
Тус үйлдвэрт манаач хийдэг, Алтангэрэл гэх залуугаас өөр хүн тэнд байсангүй. Хашаан доторх, тахианы ферм байсан том байгууламжийн хаалгыг дангинатал цоожилж, өргөгч краны сумаар даруулсан байв. Багийн ахлагч эмэгтэй хаалганы завсраар шагайж, шалыг бүхэлд нь хүхрийн хүчлийн шингэнээр бохирдуулсан байгааг хэлсэн юм. Харахад нүд халтирам байсан төдийгүй тэндээс хамар цоргим хурц үнэр гарч байв. Үүнээс гадна ханыг нь дүүртэл зай хураагуур өрсөн нь тод харагдав.
Нэр нь үл мэдэгдэх үйлдвэрийнхний ухсан нүх
Хорооны ажилчдын хэлснээр энэ үйлдвэр их нууцлаг аж. Захирал нь ямар хүн байдаг, компани нь ямар нэртэйг манаач нь хэлээгүй. Үйлдвэрийнхээ нэрийг Баянзүрх дүүргээс гаргасан ажлын хэсгийнхэнд ч хэлээгүй гэж бодоход хорооныхныг үл ойшооход нь гайхах зүйлгүй биз ээ. “Эднийх шөнө дөлөөр ажиллаж байгаа сурагтай. Хашаанд нь байсан чингэлэг алга болчихож. Бас үүнийг шинээр ухсан байна” хэмээн аккумлятор хадгалж буй өнөөх агуулахын дэргэдэх ухсан нүх рүү хорооны ажилчин заасан юм. Зургаа орчим ам метр нүхний ёроолыг цементээр хулджээ.
Ямар нэгэн шингэн зүйл хийх гэж байгаа бололтой агуулахаас нарийн хоолой гаргаж, тийш оруулсан байв. Гэвч манаач нь Баатартай ижил “Юу ч мэдэхгүй” гээд “Энэ байгууламжийг худалдсан гэсэн. Уг нь ажилчдын хоол хийдэг гэрийнхэн байсан бол тайлбарлах байв. Миний сонссоноор үүнийг сайжруулсан түлшний үйлдвэр болгох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энд тийм түлш үйлдвэрлэ гэж үүрэгдсэн гэнэ лээ” хэмээв. Мөн тэрбээр өнөөх жижигхэн нүхэнд нүүрс нөөцлөх зорилготой гэж мэлзсэн. Дундаж хэмжээтэй жорлонгоос арай том тэр нүхэнд ихдээ л “Портер”-ын нэг тэвш нүүрс орох болов уу.
Эдгээр үйлдвэрээс 300 орчим метр зайд иргэд мал маллаж, ногоо тарьдаг. Мөн дугуйтай багачууд хашааг нь дагаж тоглодог юм билээ. Хүүхдүүдийн биеэр элдэв зүйл туурч, орчин тойрноос нь эхүүн үнэр үнэртдэг гэж хорооны иргэд ярьсан. Баянзүрх дүүргийн XI хорооны Цагдаагийн тасгийн дарга эдгээр үйлдвэрийн баримт бичиг, үйл ажиллагаа, ажилчдынх нь байдлыг сайтар шалгахаар болсон. Эздийг нь баасан гарагт (өнөөдөр) дуудаж, уулзах үүрэг өгсөн юм.
Үргэлжлэл бий...
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
“Хос даль”-ийнхан хөрс рүү хүхрийн хүчлийн уусмал асгасан
Баянзүрх дүүргийн XI хорооны Засаг дарга Х.Эрдэнэсайхантай ярилцлаа.
-Энэ хоёр үйлдвэр хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхлэв?
-Хорооны иргэд өнгөрсөн тавдугаар сард “Чухам юу хийж байгаа нь мэдэхгүй хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Гадна нь очихоор хурц үнэр гарах боллоо” гэсэн мэдээлэл өгсөн. Үүний дагуу шалгалт хийхэд хоёр үйлдвэр аккумлятор хайлуулж байсан. “Хос даль” хэмээх үйлдвэр нь хэдийнэ хар тугалга хайлуулаад эхэлчихсэн, нөгөөх нь аккумлятор их хэмжээгээр нөөцөлсөн байв. Бид тухайн үед үйл ажиллагааг нь зогсоолоо.
-Тухайн үед нөхцөл байдал ямар байв?
-“Хос даль” үйлдвэрийнхэн аккумляторын доторх хүхрийн хүчлийн уусмалыг шууд хөрс рүү асгаж байсныг илрүүлж, гэрэл зургаар баримтжуулсан. Нөгөө үйлдвэрийнхэн нь ямар ч мэдээлэл өгөөгүй, зугтсан. Гэхдээ хоёулаа ямар ч зөвшөөрөлгүй. “Хос даль” компанийнхан төмрийн үйлдвэрлэл явуулна гэж объект түрээсэлсэн байдаг. Нөгөөх нь тахианы ферм байсан байгууламжийг түрээсэлж, аккумлятор овоолсон байв. Буулгалтын явцад задарч, хүхрийн хүчил хаа сайгүй асгарсан байсныг цэвэрлүүлсэн. Бид өөрсдийнхөө эрх мэдлийг хэтрүүлэн үйл ажиллагааг нь зогсоосон. Техник, хэрэгслийг нь лацдаж чадаагүй учраас ажиллаж байгааг үгүйсгэх аргагүй.
-Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийнхэн лацдах боломжтой. Тэдэнд мэдэгдээгүй юм уу?
-Бид гомдол гаргасан. Шалгасан, эсэхийг нь мэдэхгүй. Бидэнд ямар ч мэдээлэл өгөөгүй. Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргатай гар утсаар холбогдоход “Байгаль орчны асуудал хариуцсан байцаагч амарчихсан. Ажилдаа ороход нь шалгуулна” гэсэн. Тэр хүн нь хэзээ ажилдаа орохыг бүү мэд, одоо болтол хариу алга. Ийм байхад ашиг сонирхлын зөрчилтэй байж мэднэ гэж хардахаас яах вэ. Би тэгж боддог.
-Мэргэжлийн хяналтынхан ажлын хэсэгт орж ажилласан гэдэг юм билээ.
-Тухайн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор байгуулсан ажлын хэсгийг би ахалж байгаа. Ажлын хэсэг үйлдвэрүүдийг хоёр удаа шалгасан. Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсээс нэг ч хүн ирээгүй.
Ер нь химийн хор ялгаруулдаг ийм үйлдвэрийг суурьшлын бүсэд байлгаж болохгүй шүү дээ. Тиймээс бид “Заламт гол” болон бусад үйлдвэрийг манай хорооноос гаргаж өгөөч гэдэг саналаа холбогдох яам, газарт хүргүүлсэн. Хорооны ИНХ-ын энэ шийдвэрийг дүүргийн удирдлага зөвшөөрсөн. Гэтэл БОАЖЯ болон нийслэлийн БОАЖГ-аас “Заламт гол”-д зөвшөөрсөн учраас яаж ч чадахгүй байгаа.
-Эдгээр үйлдвэрийн ойр тойронд олон өрх мал маллаж, ногоо тарьдаг. Тэгэхээр иргэд ч хорооноос гаргах нь зүйтэй гэж байсан.
-Хэдэн жилийн өмнө тухайн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулж байгаа газар Туул голын хамгаалалтын бүсэд ордог байв. Гэтэл хоёр жилийн өмнө хамгаалалтын бүсээс гаргачихсан. Зун 50 орчим өрх зусдаг юм. Хорь гаруй нь байнга байдаг. Тэгэхээр БОАЖ-ын сайд зөвшөөрлийг нь цуцлах боломжтой. Би өөрийн нүдээр хараагүй л дээ, манай хорооныхон “Шинээр будсан машин тухайн орчинд гурав хоноход толбо үүсээд байна” гэж ярьдаг.
Эдгээр үйлдвэрийг нүүлгэхийг манай хорооныхон дэмжиж байгаа. Уг нь хуульд химийн хортой хаягдал боловсруулах үйлдвэр усны хамгаалалтын бүсээс хоёр, газар тариалангийнхаас нэг км зайд байх ёстой гэдэг. Гэвч эдгээр үйлдвэр иргэдийн ундны усаа авдаг газраас ихдээ 800 орчим метр зайд байрлаж байна. Тэгэхээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг илт зөрчиж байгаа биз.
Бэлтгэсэн: Г.Цэцэг