Халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, мал эрүүлжүүлэх зорилготой угаалгын ажил орон даяар эхэллээ. Малын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу уг ажлыг ХХААХҮЯ хэрэгжүүлж байгаа юм. Угаалга хийснээр мал элдэв халдварт өвчин тусахгүй, тарга тэвээрэг авч, түүхий эдийн гарц сайжирдаг байна.
Тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан “Цагт 250-300 бог мал угаах хүчин чадалтай, тус бүр нь 11.8 сая төгрөгийн үнэтэй 225 төхөөрөмж улсын хэмжээнд бий. Мал угаалгын стандарт шаардлага хангасан тэдгээр төхөөрөмж нь зөөврийнх учраас Монгол орны өнцөг булан бүрт хүрч, бүх малыг угаалгад хамруулах боломжтой” гэж мэдээллээ.