Өнгөрсөн хавар 43 800 гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгчээ. Хэрвээ бүгд их, дээд сургуульд элссэн гэвэл тэднийг 75 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн зээл, тусламж, нийслэлд 90 орчим их, дээд сургууль, 140 000-аад ам метр талбайтай дотуур байр, сард 22 удаа нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх хүлээж байна. Манай улсад жил бүр 35 000 хүн их, дээд сургууль төгсөж, 40 000 гаруй нь шинээр элсэн, дунджаар 140 000 орчим оюутан суралцдаг байна. Энэ хичээлийн жилд оюутнуудын сургалтын төлбөр, дотуур байрны үнэ ямар байх мөн нийтийн тээврийн үйлчилгээний хөнгөлөлтийн талаар багц мэдээллийг хүргэе
Шинэ болон хуучин оюутнуудад тулгамддаг хамгийн түгээмэл асуудал нь сургалтын төлбөр. Өнгөрсөн хичээлийн жилд МУИС, АШУҮИС, СУИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулийн нэг кредит цагийн төлбөр мэргэжил болон дамжаанаас хамаарч 50 200-102 000 төгрөг байжээ. Энэ нь нэг оюутан жилд 1.5-3.1 сая төгрөг төлсөн гэсэн үг. Жил бүр их, бага хэмжээгээр нэмэгддэг сургалтын төлбөрийг энэ жил 9.5-16 хувиар нэмэх шийдвэрт хүрчээ.
Энэ нь цахилгаан, усны төлбөр болон суурь үнэ өсөж, урсгал зардал нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Тухайлбал, МУИС-ийн оюутан 2.7-3.6 сая төгрөгийн төлбөр төлөх болжээ. Энэ хэмжээний төлбөр төлөх боломжгүй бол сургалтын төлбөрийн зээл авах боломж бий. 1994 оноос хойш хэрэгжүүлсэн Төрийн сангийн зээл, тусламж нэр, шалгуураа өөрчлөн, энэ жил Оюутны хөгжлийн зээл нэртэй болсон. Оюутнууд сургуулийнхаа захиргаанд хандан хүүгүй, барьцаагүй зээлийг 10 хүртэл жилийн хугацаатай авах боломжтой.
Шинэ оюутан элсэлтийн ерөнхий шалгалтад 600-гаас дээш оноо авсан, 2014 онд батлагдсан Монгол Улсын тэргүүлэх буюу нэн шаардлагатай мэргэжлийн ангид элссэн бол зээл авахад давуу тал болох гэнэ. Тэргүүлэх мэргэжлийн дотор байгалийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, мэс засал, цөмийн технологи, архитектур, хот, бүс нутаг төлөвлөлт, химийн инжнерчлэл зэрэг 10 гаруй багц, 60 орчим мэргэжил ордог байна.
Түүнчлэн магистр болон докторын зэрэг горилогчид ч сургалтын төлбөрийн зээл авах боломжтой бөгөөд бакалаврын боловсролын голч дүн 2.8, магистрынх 3.2-оос дээш байх шаардлагатай аж. Сургалтын төлбөрийн зээлд энэ жил улсаас 75 тэрбум төгрөг төсөвлөсөн ба 35 000 оюутан хамруулах юм байна. Зээлийн хэмжээг сургууль бүрт адилгүй хуваарилах бөгөөд оюутны тоо, нэн шаардлагатай мэргэжил олгож буй зэргээс хамаарах гэнэ. Энэ хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлийн санхүүжилтийг магадлан итгэмжлэгдсэн 90 орчим сургуульд хуваан олгох болжээ. Үүний зэрэгцээ аль ч сургуулийн оуютанд зориулсан тэтгэлэг чамлахааргүй болсон байна.
Тухайлбал, МУИС-иас бакалаврын түвшний голч дүн нь гурваас дээш, мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд эхний гурван байрт шалгарсан оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувьтай дүйх мөнгөн тэтгэмжийг хоёр улирлын турш олгох аж. Хамрагдахыг хүсэгчид шинэ хичээлийн жилийн эхний долоо хоногт хүсэлтээ гаргах боломжтой гэнэ. Оюутны хөгжлийн зээлийн хүртээмж болон сургалтын төлбөр нэмэх шийдвэрийн талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан “Төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардалд төсвөөс шилжүүлдэг мөнгөн дүн буурч, өр үүссэн.
Мөн инфляц өсөж, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа зэргээс шалтгаалан төлбөр нэмэх зайлшгүй шаардлага үүссэн. Харин хэдэн хувиар төлбөрөө нэмэх нь тухайн сургуулийн удирдах зөвлөлийн шийдэх хэрэг. Их, дээд сургуулийн сургалтын төлбөр бага байвал чанараас тоог эрхэмлэж, хүчин чадлаасаа хэтэрсэн оюутан элсүүлдэг. Төлбөр нэмснээр сургалтын орчин, техник, технологи сайжирч багш, оюутны мэдлэг чадвар өсөж, боловсролын чанар сайжрах эерэг талтай. Сургалтын төлбөр нэмэгдсэн ч хичээнгүй, сурлага сайтай оюутнууд хөнгөлөлт эдлэх, зээл авах бүрэн боломжтой” гэсэн юм.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам