Бэлтгэсэн: Ж.Уранмандал
Жил жилийн есдүгээр сар дөхөхөд эцэг, эхчүүдийн санаа зовнидог гол асуудал бол сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Ялангуяа цэцэрлэгийн насны хүүхэдтэй хүмүүст эл асуудал “шүдний өвчин” болсоор ирсэн. Цэцэрлэгийн бүртгэл цахим хэлбэрт шилжсэнээр дөрөв, тав хоногоор дугаарладаг асуудлыг эцэслэсэн ч азаа үздэг нь хэвээр байгаа юм. Нийслэлийн удирдлага энэ оныг “Боловсролын салбарын их бүтээн байгуулалтын жил” болгож, үүнд төсвөөс чамлахааргүй хөрөнгө зарцуулах болсон. Ингэснээр нийслэлийн бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болгож, олон улсын стандартын дагуу нийт хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах зорилт тавин ажиллаж буй.
Энэ оны улсын төсвөөс 106.1 тэрбум төгрөг гаргаж, 18 880 хүүхдийн багтаамжтай 34 сургууль болон өргөтгөл, 9345 хүүхдийн багтаамжтай 52 цэцэрлэгийн барилга, бага сургууль, цэцэрлэгийн гурван цогцолбор барьж, таван сургуулийн спорт заалыг шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөсөн аж.
Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, НҮБ-ын хүүхдийн сангийн хөрөнгөөр хоёр цэцэрлэг шинээр барих юм байна. Баянзүрх дүүрэгт байрлах III цэцэрлэгийг шинэчлэх, мөн XVII хороонд шинэ цэцэрлэг барих ажил энэ онд эхэлжээ. Уг бүтээн байгуулалтыг ирэх жилийн есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй.
Урд хөршийн буцалтгүй тусламжаар барих долоон сургуулийн нэгийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд “China aid” компани барьж буй бөгөөд туслан гүйцэтгэгчээр нь монгол компани ажиллаж буй. Нийт 640 хүүхдийн багтаамжтай тус сургуулийн барилгын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлжээ. “Одоогоор суурийг нь хийсэн, барилгын ажил 20 хувьтай байна. Хоёр улсын хоорондын хэлэлцээрээр хийж буй учраас хөрөнгийн асуудал гарах тохиолдол бий. Тийм хүндрэл гарахгүй бол ирэх оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах боломжтой” хэмээн туслан гүйцэтгэгч компанийн талбайн инженер Д.Батдорж ярив.
Улсын төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг нурааж, шинээр барих ажил энэ онд эхэлжээ. Тус сургуулийг 960 хүүхдийн багтаамжтай болгон шинэчилэх аж. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн VII хороонд 760 хүүхдийн шинэ сургууль, Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуульд 480 хүүхдийн багтаамжтай өргөтгөл барьж эхэлсэн бөгөөд бүгдийг нь 2020 онд ашиглалтад оруулах юм байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн III хорооны 19 дүгээр цэцэрлэгийг өргөтгөж буй бөгөөд 150 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга угсралтын ажил 2017 оноос эхлэн он дамжин хэрэгжиж байгаа юм. Энэ хичээлийн жилд бүрэн ашиглалтад оруулах аж.
Цэцэрлэг, сургуулийн их засварын ажилд энэ жил улсаас гурван тэрбум 944 сая, нийслэлээс 400 сая төгрөг зарцуулж буй бөгөөд дүүрэг, орон нутгийн хөгжлийн сангаас 704 сая төгрөг гаргаад буй аж. Нийслэлийн 24 цэцэрлэг, 14 сургуулийн засварт нийт 5.4 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд суралцах нөхцөл бололцоогоор нь хангах зорилгоор нэг сургуульд 66 сая төгрөг зарцуулж, гурван сургуулийн орц, гарцыг шинэчилж буй.
Жишээ нь, Хан-Уул дүүрэгт байрлах 60 дугаар сургуулийн 1200 сурагчаас 85 нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Тиймээс эл сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан орц, гарц зайлшгүй хэрэгцээтэй байсныг улсаас анхаарч, шийдвэрлэжээ. Тохижилтын ажил 95 хувьтай байгааг дуулгалаа.
Мөн “Цэвэр агаар” сангаас таван цэцэрлэгийн барилгыг дулаалж байгаа гэнэ. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн 51 дүгээр цэцэрлэг. 1989 онд ашиглалтад оруулсан тус цэцэрлэг уурын зуухаар халдаг учир дулаан их алддаг гэнэ. 15 см-ийн зузаан хөөсөөр барилгын гадна талыг дулаалснаар орчны бохирдол, дулаан алдагдал тус бүр 50 хувь буурах боломжтойг мэргэжилтнүүд хэлсэн. Энэ хичээлийн жилд Баянзүрх дүүргийн V хорооны 146 дугаар цэцэрлэг ашиглалтад орох аж.
Сүхбаатар дүүрэгт байрлах 51 дүгээр цэцэрлэгийг дулаалж байна
Тус цэцэрлэгийн хуучин барилгыг 2014 онд буулгасан ч дахин барилгүй 2017 он хүргэсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр өнгөрсөн оны зургадугаар сард барилгын ажлыг нь эхлүүлж, одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй гэнэ. 146 дугаар цэцэрлэг нь 10 анги, 280 хүүхдийн ортой юм байна. Мөн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийг төвийн халаалттай холбожээ. 1300 гаруй хүүхэд суралцдаг тус сургууль халаалтаа шийдэхийн тулд нам даралтын зуух ашиглаж байжээ.
Харин энэ жил төвлөрсөн дулааны эх үүсвэрт холбогдсоноор хоёр уурын зуух нь бүрэн зогсож, агаарын бохирдол үүсэхээргүй болов. Дулаанд холбох ажил өнгөрсөн сарын 30-нд дуусаж, хүлээлгэн өгчээ.
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт нийслэлийн төсвөөр 10, улсын төсвөөр 68 уурын зуухыг буулгахаар төлөвлөсөн юм байна.
2018 онд 39 байршилд сургууль цэцэрлэгийг улсын төсвөөр шинээр барихаар төлөвлөн, нийслэлийн Газрын албанаас газар чөлөөлөх ажил эхлүүлжээ. Одоогоор 16 байршлын газрыг 100 хувь чөлөөлсөн аж.
Энэ онд төлөвлөсөн 38 байгууламжийн их засварын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай явж буй бөгөөд энэ сарын 25-ны дотор дуусгахаар ажиллаж буй юм байна. “Сургууль, цэцэрлэгийн засварыг есдүгээр сарын 1-нээс өмнө бүрэн дуусгана” гэж холбогдох албаныхан амлалаа. Харин шинээр ашиглалтад орох ёстой 18 цэцэрлэгийн тавыг нь ашиглалтад оруулсан бөгөөд тавыг нь ирэх сарын нэгнээс өмнө барьж дуусах гэнэ.
Харин үлдсэн нь энэ ондоо багтаж ашиглалтад орох ёстой гэдгийг нийслэлийн Боловсролын газрын ерөнхий боловсролын сургуулийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай хэллээ. Ингэснээр төрийн болон хувийн өмчийн 672 цэцэрлэгт 114 252 хүүхэд хамрагдах боломж бүрдэх юм. Өнгөрсөн жилийн тухайд 661 цэцэрлэгт 113 521 хүүхэд хамруулж байжээ.
Нарны хорооллын цэцэрлэг, сургуулийн цогцолбор улсын мэдэлд очих, эсэхийг өнөөдөр шийднэ
Бэлтгэсэн: Л.Чимэг
Баянгол дүүрэг, Нарны хорооллын сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил өнгөрсөн жил дууссан ч гүйцэтгэгч “Хурд” групп болон Засгийн газар хоорондын зөрчлөөс болж одоо хүртэл ашиглалтад ороогүй. Тэгвэл өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус цогцолбортой танилцаж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай энэ асуудлыг хэлэлцүүлж, сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсынх болгох, эсэхийг эцэслэн шийдвэрлүүлнэ гэж мэдэгдлээ.
960 хүүхдийн багтаамжтай, 32 анги, танхимтай сургууль, 280 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий цэцэрлэгтэй уг цогцолборыг улсын өмчөөр бүртгэж авах тухай асуудлаар гурван яамны хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сараас хойш ажиллаж, нэгдсэн дүгнэлтээ Сангийн яаманд хүргүүлсэн гэнэ. Хичээлийн жил эхлэх цаг хаяанд тулсан энэ үед 4000 оршин суугчтай Нарны хорооллын хүүхдүүдийн эрх ашгийг төр, хувийн хэвшил хоёр дундаа “шидэн” хохироож болохгүй гэдгийг сайд онцолсон.