Цаг уур, орчны шинжилгээний газраас зуншлагын төлөв байдлыг мэдээллээ. Одоогоор нийт нутгийн 90 орчим хувьд нь зуншлага сайн, 10 хувь нь гантай байна. Зургадугаар сарын 30-нд нийт нутгийн 40 хувьд зуншлага муу байсан бол түүнээс хойш ихэнх нутагт бороо орж, ган тайлагдан, бэлчээрийн ургамлын гарц сайжирчээ. Харин Баянхонгорын ихэнх, Говь-Алтай, Дундговь, Өмнөговийн зарим сумын нутаг хур тунадас багатай, гандуу хэвээр гэнэ.
Газрын гарц сайн байгаа учраас зарим аймагт хадлангаа бэлдээд эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-наас аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төлөвлөгөөг гаргажээ. Энэ жил аюулгүйн нөөцөд 25 915 тонн өвс, 14 735 тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд аймаг бүрт 30-100 тонн өвс, 25-50 тонн тэжээл бэлтгэх албан даалгавар ногдсон аж. Хадлан бэлтгэх газар нутгийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хуваарилах гэнэ.
Манай улсын хадлангийн жилийн хэрэгцээ нэг сая тонн. Өнгөрсөн онд орон даяар гандуу байсан тул дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадалгүй, 935 000 тонн хадлан бэлтгэжээ. Энэ жил газрын гарц сайн байгаа тул хангалттай хэмжээний өвс бэлтгэх боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв. Уг ажлыг ирэх сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: М.Оч