Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт буурсан ч бүрмөсөн зогсохгүй байна. Одоогоор Архангай, Өвөрхангай аймгийн дөрвөн суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж буй.
Гэтэл үүнтэй зэрэгцэн Ховд аймгийн Буянт суманд боом, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Туул тосгонд галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн мэдээлэл гарав. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Х.Бодьсайханаас тодрууллаа.
-Шүлхий яагаад дарагдахгүй байна вэ. Вакцин хүрэлцээтэй юү?
-Одоогоор Архангай аймгийн Төвшрүүлэх, Өвөрхангайн Тарагт, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр сум хорио цээрийн дэглэмтэй байна. Өнгөрсөн тавдугаар сард дээрх хоёр аймагт шүлхий дэгдсэн. Үндэсний баяр наадмын өмнө Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг томилогдож, шуурхай ажилласны хүчинд тархалтыг нь зогсоосон.
Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас тусламжаар 0.8 сая, арилжааны нөхцөлтэйгөөр 2.6 сая тун вакциныг энэ сарын 30-ны дотор авна. Мөн нэмэлтээр 2.1 сая тун вакцин авах гэрээ хийж, ирэх сарын 20-ны дотор авчрах юм. Ингэснээр бүх бод, эрсдэлтэй бог малыг эхний ээлжинд вакцинжуулна. Одоогоор манай улсын шүлхийн вакцины нөөц дууссан.
Отор нүүдлийн цаг эхэлсэнтэй холбоотойгоор малчдын шилжилт хөдөлгөөн ихсэх төлөвтэй. Энэ жил төв болон зүүн бүсийн нутагт зуншлага сайжирсан учир малчдын хөдөлгөөн тийш чиглэх байх.
-Ховд аймагт боом өвчин гарсан. Хэчнээн мал уг өвчний халдвар авсан бэ?
-Ховд аймгийн Буянт суманд айлын нэг үхэр боом өвчнөөр өвчилсөн. Өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоон, тархахаас сэргийлж хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа. Долдугаар сарын 30-нд 15 мянган тун вакцин хүргүүллээ. Боом нь шүлхий шиг хурдан тархдаггүй учраас голомттой бүсийн ойр хавьд нутаглаж буй айлуудын малыг вакцинжуулахад тархалт нь зогсох боломжтой.
Харин шүлхий маш хурдан тархдаг тул голомтын хүрээг зөв тогтоохгүй бол дарагдахгүй. Боом нь хөрсний өвчин. Өөрөөр хэлбэл, боомын вирус чийглэг, тэжээллэг хөрсөнд бүрээс үүсгэж, 50-100 жил хадгалагддаг, бороо орж үерлэх, цас ханзрах, газар хагарч гэсэх үеэр хөрсөнд ил гарч өвс ногоо, усаар дамжин малд халдварладаг. Буянт сумын газар нутгийн хөрсөнд боомын голомт оршиж байсан байх магадлалтай.
-Туул тосгонд адуу галзуурч, хүүхэд хазсан гэсэн мэдээлэл тархаад буй. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Одоохондоо галзуурсан, эсэх нь нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, Мал эмнэлгийн ерөнхий газарт эцсийн мэдээлэл ирээгүй байгаа. Нотлогдвол вакцинжуулах, урьдчилан сэргийлэх ажил хийнэ.