Нүүдэлчин монголчууд ном судраа эрхэмлэн дээдэлж, баринтаглан өлгийдөж ирсэн өнө эртний уламжлалтай. Энэ нь хойч үеийн эрдэмтэн мэргэд, судлаачдад тухайн ном судрыг хэвээр нь өвлүүлэн хүртээх буянтай үйлс билээ.
Өдгөө Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт буй 35,000 орчим баринтаггүй болон хэт хуучин баринтагтай ном судруудыг хадгалж хамгаалах зорилгоор “НОМЫН БАРИНТАГ” төсөл хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлжээ. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл, “Боролдой” номын дэлгүүрийн хамтран “ӨВ СОЁЛОО ӨЛГИЙДЬЕ” аян өрнүүлж ард олны тус дэмжлэгээр богино хугацаанд 10.000 гаруй номын баринтаг цуглуулж чаджээ. Үндэсний Төв Номын сан нэг дор ийм олон ширхэг баринтагийн хандив авч байсан анхны тохиолдол энэ бөгөөд баринтагуудыг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр 11.40 цагт Үндэсний төв номын санд болно.