Нэгэн танил бүсгүй маань хоёр хүүхдээ Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд амьдардаг аав, ээж рүүгээ өнгөрсөн ням гарагийн 14.00 цагийн, хот хоорондын зорчигч тээврийн автобусаар явуулсан юм. Тус суманд аадар орж, зам харгуй зарим хэсэгтээ усанд автсан гэх мэдээлэлтэй байсан тул хот хооронд зорчдог суудлын жижиг машинаас илүү “улсын” гэх тодотголтой нийтийн тээврийн хэрэгсэлд найдсан нь тэр. Гэтэл уг автобус Улаанбаатар хотоос 305 км-т орших Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоо шаварт суужээ. Тиймээс автобусанд зорчиж явсан иргэд микроавтобус болон хувийн жижиг машинаар хөл дүүжлэн зорьсон газраа хүрсэн гэнэ.
Үер ус, ган, зуд хэдийгээр байгалийн гамшигт үзэгдэл ч цаг агаар болон замын нөхцөл гээд бүхий л мэдээллээ нягталж байж хол замд гарах хэрэгтэй баймаар. Танил бүсгүй маань Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн лавлах утас руу залган “Бор-Өндөрт бороо орсон байна. Автобус явах уу” гэхэд “Асуудалгүй” гэсэн учир ийн итгэж найдаж. Гэвч Улаанбаатараас гарсан автобус 19.00 цагийн үед Даланжаргаланд саатан, зорчигчид нь ус туулан автомашинд суусан байна. Энэ талаар холбогдох газруудаас нь тодруулсан юм.
Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний хяналтын хэлтсийн мэргэжилтэн Г.Зоригтсайхан “Энэ сарын 29-ний 14.00 цагт Улаанбаатар хотоос Бор-Өндөр сум руу хөдөлсөн “06-92 УНӨ” улсын дугаартай тээврийн хэрэгсэл Даланжаргалан сумын ойролцоо шаварт суусан. Тэнд хоёр цаг орчим саатсан бөгөөд “Эрдэм транс” компанийн эзэмшлийн автобус учраас тэд асуудлыг зохицуулж, зорчигчдыг өөр машинаар тээвэрлэсэн юм билээ. Мөн Бор-Өндөр сумаас ням гарагийн өглөө гарсан автобус тус газарт саатсан.
Манай байгууллагад зам хаах албан ёсны мэдээлэл ирээгүй учраас бид тээврийг хэрэгслийг гаргасан” гэв. Харин энэ тухай “Эрдэм транс” компанийн захирал Д.Хатанбаатар “Шаварт суусан автобусуудаа саяхан гаргалаа. Бор-Өндөрөөс-Улаанбаатар, Улаанбаатараас-Бор-Өндөр чиглэлд гарсан хоёр автобус шаварт суусан. Бид Бор-Өндөр сумын Аврах, гал унтраах 49 дүгээр ангид хандсан ч тусламж ирээгүй.
Ус шаврыг бага зэрэг эвэрсний дараа том тэргээр татуулж гаргалаа. Автобусыг гаргах боломжгүй учраас зорчигчдыг замын унаанд суулгасан. Байгалийн үзэгдлийг бид урьдчилан хэлж мэдэхгүй шүү дээ. Даланжаргалангаас Бор-Өндөр хүргүүлсэн унааны зардлаа “Ард” даатгалаас гаргуулж авч болно. Манай компани тус даатгалд даатгуулсан. Зарим иргэний тээшийг өнөөдөр (өчигдөр) 14.00 цагт Бор-Өндөр рүү хөдлөх автобусаар өгч явуулна” гэлээ.
Бид үүссэн нөхцөл байдлын талаар Бор-Өндөр сумын Аврах, гал унтраах 49 дүгээр ангийн салаан даргаас тодруулахад “Автобус шаварт суусан” гэх албан ёсны дуудлага манайд ирээгүй. Харин 20.00 цагийн үед автобус саатсан. Суудлын машинаар хүнээ зөөж байна” гэсэн утгатай мэдээлэл ирсэн. Өмнөх орой нь буюу энэ сарын 28-нд мөн Улаанбаатараас Бор-Өндөр хүрэх автобус Даланжаргалан сумын ойролцоо шаварт суусан дуудлагын дагуу манай алба хаагчид ажиллаж, зорчигчдыг аюулгүй газар хүргэсэн. Автобусанд байсан 16 том хүн, гурван хүүхдийг машинаараа зөөж, Бор-Өндөрт авчирсан. Тус тээврийн хэрэгслийн жолоочид “Үер устай байгаа учраас дахин шуудан явуулахад хүндрэл гарна” шүү гэж анхааруулсаар байтал өчигдөр (уржигдар) дахин нэг автобус шаварт суусан байна” гэв.
Автобусны зорчигчид Даланжаргаланд багагүй саатсаны дараа нэмж 5000 төгрөг төлөөд цааш Бор-Өндөр рүү явсан бөгөөд ингэхдээ хүүхэд, хөгшчүүл нь ачаа бараагаа авч чадалгүй, автобусанд орхижээ. Гэтэл саатсан автобус нь зарим зорчигчийн ачаа, тээшийг аваад өчигдөр Улаанбаатар руу буцсан байх юм. “Эрдэм транс” компанийн гүйцэтгэх захирлын хэлснээр ачаа тээшийг нь Улаанбаатар хотоос гарах автобусанд дайна гэж буй ч яаралтай хэрэглэх эм тариа, эд зүйлс авч явсан хүмүүс цаг алдан хохирч байна. Автобусны тасалбарын үнийг төлсөн ч зорьсон газартаа хүрч чадаагүй тэд нэмж төлсөн мөнгөндөө бус, шөнөдөө багтан нутгийн бараа харсандаа олзуурхаж байгаа сурагтай. Тэд хуваарийн дагуу 20.00 цаг өнгөрөөд Бор-Өндөр суманд хүрэх байсан ч үер усанд саатан, 00.00 цагийн үед гэртээ харьцгаажээ.
Бэлтгэсэн: Ч.Туяа