Архангай аймгийн нутгаар 20.00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас “Эрдэнэт-Булган цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат суманд тав, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унажээ. Үүний улмаас Архангай аймгийн зургаа, Хөвсгөл аймгийн гурав, Завхан аймгийн нэг, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон байна.
Мөн 16 гэр усанд автаж нурсан бөгөөд орон гэргүй болсон 24 иргэнийг сумын эмнэлэгт түр байрлуулжээ. Энэ үеэр 48 настай иргэн С болон 80 настай Д нарын бие муудан эмчилгээ хийлгэж байгаа аж. Дээрх компанийн ажилчид болон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагынхан нийлсэн 25 хүн, таван техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа гэнэ.