Малчдын ганц толгойны өвчин болоод буй зүйл бол хөрсний талхлалт. Үүнийг үлийн цагаан оготно элбэгшсэнтэй холбон тайлбарлаж, сүүлийн 40 гаруй жил улсаас чамгүй хөрөнгө төсөвлөн, тэмцэж байна. Жишээлбэл, хор цацах, түүгээр хооллогч махчин шувуудын, тоо толгойг нь өсгөх зэрэг олон ажил хийсэн боловч өдий хүртэл дорвитой үр дүнд хүрсэнгүй. Харин ч химийн хор цацсанаар үлийн цагаан оготно нутгаа сэлгэж, экосистем, цаашлаад хүн ам, амьтан, ургамлын амьдралд асар их хор уршиг тарьж байсан аж. Мөн түүгээр хооллогч махчин амьтан, шувууд өвчлөх, үхэх, тэр ч байтугай, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тохиолдлууд гарсан удаатай гэнэ.
Тиймээс олон улсын байгууллагууд манай Засгийн газар, салбарын яаманд асуудлыг хөндөн тавьснаар дэлхий нийтийн чиг хандлагын дагуу 2004 оноос тус аргаас татгалзжээ. Байгальд хэрэггүй ургамал, амьтан нэг ч байдаггүй гэдэг. Үлийн цагаан оготно ч хэрэгтэй бөгөөд хээрийн экосистемийн үндэс болдог олон төрлийн махан идэшт амьтад болон махчин шувуудыг “тэжээдэг” аж. Мөн хөрс, ургамал, амьтны аймагт сайн нөлөө үзүүлдэг байна.
Тухайлбал, хөрсийг сийрэгжүүлж, газрын хөрсөнд үржил шимтэй шинэ давхарга үүсгэх нөхцөл бүрдүүлж, агаар, ус, дулааны солилцоог идэвхжүүлэх, могой, гүрвэл зэрэг хоёр нутагтан амьтдын орон, байрыг бэлдэж, ялгадас нь хөрсөнд ашигтай бордоо болж, өөрөө хөрсийг сийрэгжүүлдэг гээд олон талын ашиг тустай амьтан юм билээ. Ингэснээр цөлжилтийг зогсоох гол хүчин зүйл болж буй. Дэлхий даяар цөлжилт ихсэж, манай орны 76.9 хувьд их, бага хэмжээгээр үүсээд байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Хэдэн зуун жилийн тэртээгээс мал маллаж, нүүдэллэн амьдарч ирсэн монголчууд одоогийнх шиг бэлчээрийн талхлалт, цөлжилттэй нүүр тулж үзээгүй нь байгалийнхаа зохилдлогоог нэн сайн мэдэрдэг байсантай холбоотой. Учир нь нутаглаж буй газарт нь үлийн цагаан оготно олшроод ирэхээр “Энэ нутгийг дахин сэргээх хэрэгтэй болж” хэмээн үзэж, буурь сэлгэн, бэлчээрээ амраадаг уламжлал байжээ. Харин орчин үеийн малчид эзэмшлийн өвөлжөө, хаваржаандаа нутаглаж, бэлчээрээ сэлгэх нь ховордсон нь уг амьтан олшроход нөлөөлсөн гэж эрдэмтэд үзэж байна. Тал хээрийн бүсийн өнгөн хэсэг буюу хамгийн үржил шимт давхарга нь харьцангуй нимгэн, эмзэг учраас малын хөлөөр удаан хугацаанд талхалбал хөрс дагтаршиж нягтран, улмаар чулуужих мэт хатуу болдог аж.
Ингэж хатуурснаар хөрсний чийг ууршиж, шимт чанар нь доройтон, ургамлын үндэс богиносож, ургалт нь тачирхан, сийрэг болж, улмаар цөлжилт нүүрлэх аюул учирдаг. Чулуужиж хатуурсан уг хөрсийг үлийн цагаан оготно сийрэгжүүлж, зөөлрүүлэн, элдэв төрлийн ялзмаг, ялгадсаар бордсоноор нар, салхи, ус чийг нэвтрүүлж, ургамлын үндсийг уртасгах нөхцөл бүрдүүлж, өтгөн шигүү өвс ургамалтай бэлчээр нутаг болгон хувиргадаг юм байна. Жишээлбэл, оготно олшрох үедээ нэг га-д 1000 гаруй үлийн цагаан байвал өдөрт дунджаар 4-5 кг, жилд хоёр тонн ялгадас гаргаж, хөрсийг борддог.
...Иймд үлийн цагаан оготно бэлчээр сүйтгэдэг биш, мал талхалсан газар нутгийг шүтэн амьдардаг. Ийм учраас үлийн цагаан олширвол манай бэлчээр доройтжээ гэж үзээд бэлчээрээ сэлгэх шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн түүгээр хооллогч үнэг, хярс, мануул зэрэг махчин амьтдыг агнахгүй байх хэрэгтэй...
Мөн хөрсийг хавж сэндийчин, хааш хаашаа нэг метр газар дөрөв, нэг га-д 40 000 нүх малтаж, талхлагдаж дагтаршсан хөрсийг агааржуулан сийрэгжүүлэх онцгой нөлөөтэй гэнэ. Ийнхүү 2-3 жилд оготны нөлөөгөөр иж бүрэн сайжирсан хөрсөнд зүйл бүрийн ургамал ургаж, ургац, хэд дахин нэмэгддэгийг эрдэмтэд хэлж буй. Үлийн цагаан оготно нь дэлхийд зөвхөн Төв Азийн тал хээрийн бүс болох Монгол, БНХАУ, ОХУ, ӨМӨЗО-д л тархсан байдаг гэнэ. Манай орны Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Төв аймагт голомтлон тархсан бөгөөд сүүлийн хоёр жил улсын бэлчээрийн гол нутаг болох Дорнод, Хэнтий, Төв, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт эрс ихэссэн мэдээ бий.
ХХААХҮЯ-наас жилд 800900 сая төгрөг төсөвлөдөг бөгөөд хор цацахаа больсноос хойш махчин амьтны тоо толгойг өсгөх, утах, үүрэнд нь ус цутгах, хураасан хөеө, ноохойг нь авах зэргээр амьдрах нөхцөлийг нь үгүй хийх аргыг түлхүү хэрэглэж буй аж. 1.5 метр өндөртэй шон суурилуулж, шувууны суудал зассанаар махчин шувууд бууж, хоол тэжээлээ олж идэхэд дөхөм болдог гэнэ. Энэ талаар ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ц.Мөнхзул “Үлийн цагаан оготны тоо толгойг зохистой хэмжээнд барихын тулд махчин шувуу болгоныг агнадаггүй байх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд шонхор шувууг экспортолж эхэлснээр тоо толгой нь ховордсон. Мөн цахилгааны шон махчин шувуудын үхэл хорогдолд ихээр нөлөөлж байна. Үлийн цагаан оготно олширсон жил шонхор шувууны идэш тэжээлийн 66, үнэг хярсны идэш тэжээлийн 45 хувийг эзэлж байсан гэдэг судалгаа бий. Махчин шувуу, махчин амьтад ховордвол үлийн цагаан оготны тоо толгой ихсэх нь дамжиггүй. Иймээс аливаа амьтныг алж устгах, зарж үрэхдээ бодолтой баймаар. Байгалийн зохилдлогоог зохистой хэмжээнд барьж байж бид аль нэг тал руу хэвийхгүй, зөв зохистой шийдвэр гаргана.
Үүнийг л анхаарах хэрэгтэй” гэлээ. Амьтан судлаачдын хувьд жижиг мэрэгч дийн тоо толгой, нягтаршлыг тодорхой талбай сонгон авч ажиглалтын аргаар тогтоох, эсвэл амьд баригч тухайн талбайд суурилуулан баригдах давтамжаар нь үнэлэн тогтоодог гэнэ. Үлийн цагаан оготныг нэг га талбайд 100 тоо толгойд багтаж байвал хэвийн гэж үздэг бол одоогоор эл үзүүлэл га-д 500-600-д хүрээд буй аж. Уг амьтантай тэмцэх ажилд өнгөрсөн жил энгийн механик, биологийн, микробиологийн аргуудыг ашиглажээ. Энгийн механик болон биологийн аргыг 12 аймгийн 81 сум, отрын дөрвөн бүс нутгийн 473 мянган га талбайд тархсан үлийн цагаантай тэмцэх ажил гүйцэтгэсэн бөгөөд нэг га-д 1600 төгрөг зарцуулсан байна.
Харин микробиологийн аргаар тэмцэх ажлын тендерт шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Шим” компани шалгарч, 200 тонн бактерийн бэлдмэл үйлдвэрлэн, 100 мянган га бэлчээрийн талбайд цацсан бөгөөд үүнийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Уянга, Тарагт сум, Баянхонгор аймгийн Баян-Овоо гэсэн нийт хоёр аймгийн таван сумын 100 мянган га бэлчээрийн талбайд цацаж, 400 сая төгрөг зарцуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд онцоллоо. Энэ жилийн тухайд 15 аймгийн 730 мянган га талбайд тэмцлийн ажил зохион байгуулж буй гэнэ. Үлийн цагаан оготныг хамгийн ихээр ад үзэн, нүд үзүүрлэдэг хүмүүс бол малчид. Гэтэл малчид л тэдэнд хамгийн ихээр тусалж чадна гэдгийг доктор Ц.Мөнхзул хэлсэн. Тэрбээр “Судлаачид талхлагдсан бэлчээрийг үлийн цагаан оготно шүтэн байршдаг гэдгийг олон жил хэлж, ярьж тайлбарладаг.
Даанч мал чид үүний эсрэг байр суурьтай байж, хувийн ашиг сонирхлоо боддог. Үлийн цагаан оготно бүлээрээ амьдардаг амьтан. Ямар нэг аюул нүүрлэх тохиолдолд бие биедээ дохио өгөн сэрэмжлүүлдэг зан төрхтэй. Соргог, өндөр өвстэй газар үлийн цагаан оготно бие биеээ харж чадахгүй учир дохио ч өгч чаддаггүй тул тэд аль болох тачирхан сийрэг ургамалтай газрыг сонгон амьдардаг болохыг судлаачид 2000 оны эхээр тогтоосон. Иймд үлийн цагаан оготно бэлчээр сүйтгэдэг биш, мал талхалсан газар нутгийг шүтэн амьдардаг.
Ийм учраас үлийн цагаан олширвол манай бэлчээр доройтжээ гэж үзээд бэлчээрээ сэлгэх шаардлагатай болж байна. Түүнчлэн түүгээр хооллогч үнэг, хярс, мануул зэрэг махчин амьтныг агнахгүй байх хэрэгтэй” гэсэн юм. Гэтэл малчид болон иргэд тус амьтдын эд, эрхтэн, арьс үсэнд нь шунан олноор агнадаг нь эргээд өөрсдийнх нь хоттой малд сөргөөр нөлөөлж буйг ойлгодог ч хүлээн зөвшөөрөхгүй байсаар улс орны хэмжээнд хүргэх том аюулд оруулаад буй. Олон жил тэмцэж буй уг ажлын дүнд эрдэмтэн судлаачид биологийн аргаар тоо толгойг нь бууруулах нь хамгийн зөв гэж үзэж буй бөгөөд тэднийг биологийн нөхцөл боломжийг нь сайжруулснаар ганц үлийн цагаан оготно бус, бусад амьтныг ховордохоос сэргийлж, цөлжилттэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлэх аж.