Хүн, хог, шороо гурав Хөвсгөлд “трэнд” болов. Энэ жилийн наадмын үеэр Хатгал тосгоны нэвтрэх цэгт түгжрэл үүсэж, улсын тусгай хамгаалалттай эл газрын зарим хэсэг наймаачдаар дүүрч, хар зах шиг болжээ. Манай орны аялал жуулчлалын төв гэж хэлсэн ч буруудахааргүй тус нуурыг зорих жуулчны тоо жилээс жилд нэмэгдсээр буйн үр нөлөө нь энэ. Улаанбаатар хотыг Хатгал тосгонтой 2014 онд хатуу хучилттай замаар холбосноос хойш Далай ээж дотоодын аялал жуулчлалын хамгийн эрэлттэй “бүтээгдэхүүнээр” шалгарсан.
Харамсалтай нь, аялал жуулчлал орон нутагт болон тус нууранд төдийлөн өгөөжөө өгдөггүй, байгаль орчныг талхлан сүйрүүлэхээс өөр үр ашиггүй гэх шүүмжлэл байнга дагуулж ирсэн. Улирлын чанартай буюу зуны гурван сард бужигнаад өнгөрдөг аялал жуулчлалын өгөөж орон нутагт, иргэдэд ч төдийлөн наалддаггүй аж. Газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.
Хөвсгөл нуурыг зорих жуулчид, ялангуяа дотоодын аялагчдын тоо олширсонд уур амьсгалын өөрчлөлт ч нөлөөлж буй гэнэ. Сүүлийн хоёр жил дараалан манай оронд ган болсон. Энэ жил ч зуны эхээр ихэнх нутгаар халсан. Их халууны үеэр Хөвсгөл нуурыг олон хүн зорьдог, ялангуяа баруун аймгийнхан халуунаас зугтаж ирдэг болсныг тэнд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид онцолсон.
Гэхдээ гадаадын жуулчны тоо төдийлөн нэмэгдээгүй, бүр цөөрч байгаа гэнэ. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхны мэдээлснээр 2004 онд тус нуурыг үзэж сонирхсон гадаад, дотоодын жуулчны тоо тийм ч хол зөрүүгүй буюу дотоодынх 4164, гадаад нь 3552 байжээ. Харин 2009 оноос дотоодын аялагчдын тоо жилээс жилд тогтмол өсөж, гадаадынх цөөрөх болсон аж. Хатуу хучилттай зам ашиглалтад оруулсан жилээс аялагчдын тоо улам олширчээ. Энэ жилийн хувьд наадмын тав хоногийн амралтаар дотоодын 34 650, гадаадын 3650 аялагч иржээ. Энэ сарын 12-нд бүр тус байгалийн цогцолбор газарт нэвтрэх цэгт түгжрэл үүссэн байна. Жуулчны бааз, гэр буудлын захиалга дүүрч, ачаалал нь хэтэрчээ.
“Уламжлал ёсоор” иргэд зэрлэгээр буюу хээр гадаа майхнаа барьж хоноглох, хог хаягдлаа үлдээх, архидан согтуурах нь газар авчээ. Холбогдох албаныхан шаардлага тавихад “Би монгол хүн. Монгол орныхоо хаана ч буусан яадаг юм” хэмээн агсамнадаг аж. Жилийн жилд ийм явдал давтагддаг, бүр байгаль хамгаалагч нарыг зодох нь ч бий гэнэ. Өргөн уудам буюу 1 175 602 га талбай хариуцдаг хамгаалалтын захиргааныхны хүчин чадал нь хаанаа ч хүрдэггүй.
“Жуулчны баазууд, гэр буудал, отгийн хүчин чадал нийлээд нэг хоногт 6800 хүн хүлээн авах боломжтой. Оргил ачааллын үед хяналтын цэгээр нэг өдөрт 4000-6000 машин орж ирдэг. Нэг машин дунджаар дөрвөн хүнтэй гээд тооцвол 16 000-32 000 хүн орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс хаачих вэ. Бид маш ачаалалтай ажилладаг. Жишээ нь, нуурын эргийн урт нь 415 км. Үүний 45-50 км-т нь л аялал жуулчлалын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж буй. Энэ бол стандартаараа нэг л байгаль хамгаалагч хариуцан хамгаалах ёстой талбай. Гэтэл зуны ид ачааллын үед нэг байгаль хамгаалагч хаанаа ч хүрэлцдэггүй.
Тиймээс оргил ачааллын үед жуулчид тэр бүр очдоггүй өөр хэсгээс байгаль хамгаалагчаа татахын зэрэгцээ орон нутгийн иргэдээс идэвхтэн байгаль хамгаалагч авч ажиллуулдаг. Бид үндсэндээ ажиллах хүчнийхээ 60, 70 хувийг нь ачаалалтай хэсэгтээ гаргаж байгаа. Тэгээд ч дийлэхгүй. Маш хүнд. Урьдны жилүүдтэй харьцуулахад энэ жил амрагч аялагч нар олон байна. Ялангуяа баруун аймгуудаас хүн их ирж буй. Судлаад үзсэн чинь баруун аймагт зуншлага муу гэнэ. Харин гадаадын жуулчин цөөн байна” гэж хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр мэдээллээ.
Дотоодын аялагчид олширч буйн хэрээр дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр орчим, Монгол орны гадаргын цэвэр усны 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бохирдож мэдэхээр байна, зарим хэсэг нь замагтаж эхэлснийг олон иргэн анхаарууллаа. Нутгийн иргэд Далай ээжээсээ шууд хутган авч уудаг. Гэтэл ирсэн жуулчид уудаг усанд нь умбаж, үс толгой, биеэ савандаж угаах нь хааяагүй тааралдаж байгаад ихээхэн эмзэглэдэг аж.
Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийг гэр буудал, жуулчны бааз гэж хоёр ангилдаг. Жуулчны бааз нь ихэвчлэн аж ахуйн нэгжийнх. Тухайн байгууллагууд аялал жуулчлалын зориулалтаар газар авч, үйл ажиллагаа явуулдаг. Харин гэр буудлуудыг ихэвчлэн нутгийн иргэд ажиллуулдаг. Хатгал тосгоны төв болон нуурын эргээр жуулчны бааз, гэр буудлын аль аль нь цөөнгүй харагдана. Жанхай орчимд бол бараг хороолол үүсжээ.
Гэр буудал, жуулчны баазууд хаяа хаяагаа дэрлэн оршдог. Уг нь тусгай хамгаалалттай, онгон дагшнаар нь хайрлан хамгаалах ёстой атал гэр хороолол шиг болгосон нь байгальд сөрөг нөлөөтэй гэж нутгийн иргэд буруутгалаа. Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалттай газар замбараагүй олгосноос Хөвсгөл нуур орчим Улаанбаатар хот дахь Зайсангийн ам шиг барилга байшинд эзлэгдэх нь гэж санаа зовох хүн олон байв.
Уг нь 2013 онд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас (одоогийн БОАЖЯ) Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартыг 2013 онд баталжээ. Үүнээс өмнө нь Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009 гэх стандарт мөрддөг байсан гэнэ.
Гэтэл 2013 онд шинэчлэн баталсан стандарт нь өмнөхөөсөө сул, зарим нэгэн заалтыг бүр илт зөөллөсөн аж. Тухайлбал, амралтын газар нуурын уснаас 500 метр хол зайтай байх гэснийг 200 метр болгон танав. Түүнчлэн жуулчны бааз хоорондын зайг таван км-ээс нэг км болж багасгасан байх жишээтэй. Ингэж сулруулсан хэр нь л Хөвсгөлд эл стандарт хэрэгждэггүй, баазуудын хашаа бөөрөөрөө нийлчихэж.
Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр ажилладаг Монгол экологи төвийнхөн 2014, 2016 оны зун тус цогцолбор газрын хилийн дотор буюу Жанхайн даваанаас нуурын баруун хойд эрэг хүртэлх 27 км газарт байх жуулчны баазуудын байршлыг GPS ашиглан баримтжуулжээ. 2014 онд нийт 55 бааз бүртгэгдсэн бол 2016 онд 98 болж нэмэгдэв. Хамгийн гол нь бааз хоорондын дундаж зай 0.49 км байснаа 0.27 км болж ойртсон байна. Уг нь стандарт ёсоор нэг км байх ёстойг сануулъя.
Улаан Тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхээс нөхцөл байдал яагаад ийм түвшинд хүрснийг тодрууллаа. Хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр 30 гаруй жил ажилласан, нэг хэсэг хамгаалалтын захиргааны дарга ч байсан тэрбээр “Нуурын хамгаалалтын захиргаа 1986 онд анх байгуулагдсан, би 1987 онд сургууль төгсөөд ажиллахаар ирсэн юм. 2011 он хүртэл тасралтгүй ажиллаад, 2012 оноос Дархадын хотгорт буюу Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт ажиллаж буй.
Түүнээс хойш л бүх юм нэлээд замхарчихаж. Миний санаж байгаагаар 2002-2003 он хүртэл Хөвсгөл нуурын эрэгт 4-7 бааз байсан. Тэр үед хамгаалалтын захиргааныхан Хөвсгөлийн гүн рүү аялал жуулчлалын объект барихгүй, зөвхөн Хатгал, Ханх дээр төвлөрүүлсэн хотхон байна гэсэн байр суурь баримталсан. Одоо бол Хөвсгөл Горхи Тэрэлж шиг, Богдхан уулын ам шиг л болчихоод байна шүү дээ. Миний баримжаагаар бол нуурыг тойроод 150 орчим бааз, буудал байх шиг. Бие биенээ дэрлээд сумын төвийн айлын хашаа шиг л боллоо. Мэдээж Хөвсгөл нууранд аялал жуулчлал хөгжих ёстой. Нутгийн ард иргэд тэндээс орлого бүрдүүлж, нуураа хамгаалах ёстой. Гэхдээ зөв бодлого хэрэгтэй” хэмээсэн.
Гэр буудал, жуулчны бааз зэрэгцэн оршиж буйгаас үүдэн сүүлийн жилүүдэд Хөвсгөлийн аялал жуулчлалын үнэ илт унах болсон гэнэ. Уг нь зах зээлийнхээ зарчмаар үнэ өсөх ёстой атал ингэж буурч буй нь гэр буудлуудтай холбоотой гэнэ. Хамгийн үнэтэй жуулчны бааз нь нэг хүний 500 000 төгрөг байдаг бол доод тал нь 50, 60 мянган төгрөг. Харин гэр буудалд 10, 20 мянган төгрөгөөр хонуулна.
Бүр таван мянган төгрөгөөр хонуулдаг нь ч бий гэнэ. Үнэ хямдрах хэрээр үйлчилгээний чанар муудаж, тэр нь Хөвсгөлийн аялал жуулчлалын нэр хүндийг доош чангаадгийг хэлэх хүн ч байв. Одоогоор Хатгал тосгоны төв дээр 68, тусгай хамгаалалттай газарт 36 гэр буудал байдаг юм билээ.
Хөвсгөл нуурын өмнөд зах буюу Хатгалын өмнөд хэсэгт байх ил задгай хогийн цэг уг цогцолборт газрын ч, тосгоныхны ч хаягдлыг “шингээдэг”. Тэндээс цаас, гялгар уут зэрэг хаягдал салхинд туугдан хаа сайгүй тардаг бөгөөд тэр нь байгальд, иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг судалсан нэг ч тохиолдол үгүй. Аялагч жуулчдыг ирэхэд ил задгай хог хаяж болохгүйг сануулж, цогцолбор газрын үүдэнд хогийн тусгай уут өгдөг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй бололтой. Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр аялал жуулчлалын улмаас үүсэж байгаа хог хаягдлын асуудал тус тосгонд хамгийн их тулгамдаж буйг онцоллоо.
Хөвсгөл нуурын аялал жуулчлалыг гамшиг болгож буй нэг хүчин зүйл нь Хатгалаас Жанхай хүртэлх зам. Машин явах бүрт нарийн цагаан тоос босож буй нь жуулчны бааз, гэр буудлуудад багагүй хүндрэл учруулдаг аж. Жанхайд үйл ажиллагаа явуулдаг иргэдийн цөөнгүй нь цагаан тоосноос болж харшлын өвчин тусах болжээ. Арга барсан зарим нь шороон замыг хөндлөн ухаж, дотор нь гуалин мод хийгээд, дээгүүр нь шороо асган, хурд сааруулагч тавьж.
Үүнийгээ тэд хэвтээ цагдаа хэмээн нэрлэдэг юм билээ. Тус замаар 10 хүрэхгүй метр яваад л нэг “цагдаа” дайралдана. Хатгал тосгоны Цагаан эрэг гэх газар байрладаг “Олимп” жуулчны баазын гүйцэтгэх захирал С.Ганчимэг энэ талаар “Бидэнд хүндрэлтэй ганц асуудал гэвэл замын шороо л байна. Хүмүүс амрах ямар ч боломжгүй. 4-5 хоноё гээд ирсэн хүмүүс нэг хоноод буцаад явсан.
Манай ажилчид хэвтээ цагдаа буюу хурд сааруулагч хийхийн зэрэгцээ, замаа өглөө, өдөр, оройд усалж буй. Тэгэхгүй бол болохгүй. Ирсэн зарим хүн гайхаж байна шүү дээ. Өмнөговь, Говь-Алтай, Завханаас манайд хүмүүс ирсэн. Тэд “Хөвсгөл ийм байдаг юм уу, ямар сонин юм бэ. Зам нь ямар хэцүү юм бэ” гэсэн” хэмээн ярилаа.
Үргэлжлэл бий