Би сургуулийн насны хоёр хүүхэдтэй. Хүү минь дуу цөөтэй, томоотой. Харин охин маань эсрэгээрээ. Хүү 2011 оны есдүгээр сарын 1-нд ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд Лувсандулам гэдэг багштай ангид хуваарилагдан, сурагч болов. Тэдний анги өдөр бүр шинэ үсэг үздэг, 08.00-12.30 цаг хүртэл ширээний араас босох эрхгүйгээр хичээллэдэг байв. Ийм насны хүүхдийг уншуулж бичүүлж сургана гэдэг баргийн хүний ам гарч чадах ажил биш ээ. Нэгдүгээр ангийн хүүхэдтэй айлд аав, ээжийнх нь дуу орой бүр нэг чангарч, нөгөө бол царайчилсан өнгө аястай байдгийг олон хүн мэдэх биз.
Яг ийм байдлаар манайх нэг жилийг үдэж, “аварга” маань үсэглэлийн баяраа хийх боллоо. Эрдмийн баяраа хийж дуусаад, ангидаа орсон хүүхдүүдэд багш нь зургийн цомгийг нь гардуулав. Түүнийг нь аваад би нүүрээ дараад тэндээс зугтмаар болсон шүү. Учир нь цээж бичгийн шалгалтдаа муу дүн авчихаж, миний хүү. Багш нь улаан балаар эрээн алаг болгож засаад, томоос том “F” үсэг тавиад, зургийн цомгийнх нь нэг хуудас болгон хэвлэж, бэлэглэсэн юм. 40 гаруй хүүхэдтэй ангийнхаа зарим “хүнд гарыг” ингэж шившиглэх хэрэг тэр багшид байсан л юм байх даа. Насан туршдаа хадгалах зургийн цомог нь шүү дээ.
Яагаад ч юм бэ, тэр багшид гомдсон тухайгаа Финланд улсад амьдардаг нэг танилдаа хэлэхэд, нүд нь орой дээрээ гарав. Тэгээд Финланд улсын сургуульд сурдаг охин нь хэрхэн хичээллэдэг, тэндхийн боловсролын салбарын зарим онцлогоос сонирхуулсан юм. Хагас зуун жилийн өмнө хөгжлөөрөө тивдээ бараг л сүүл мушгидаг байсан тус улс өнөөдөр боловсролын салбарын бодлогоороо дэлхийд тэргүүлдэг юм байна.
Мэдээлэл өгсөн эх сурвалж маань эх орондоо амьдарч байх хугацаандаа боловсролын салбарт ажиллаж байсан тул одоо энэ салбарынхаа алдаа оноог ярих нь эвгүй гэж бодсон учраас сонинд нэрээ гаргахыг хүссэнгүй. Иймд түүнийг Б гэе. Түүний зургаан настай охин Финландын дунд сургуулийн бэлтгэл ангийг өнгөрсөн хавар төгссөн гэсэн.
40 гаруй жилийн өмнө тус улс боловсролын салбартаа бодлогын өөрчлөлт хийжээ. Эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлөөс эхэлнэ гэж үзсэн байна. 2000 он хүртэл тэр өөрчлөлт нь амжилт авчирсан, эсэхийг улсын хэмжээнд төдийгүй багш нар нь ч мэдрээгүй байж. Гэтэл тухайн жилдээ олон улсын судалгааны нэг байгууллагаас 15 настнуудын дунд явуулсан шалгалтын үнэлгээгээр Финландын сурагчид унших чадвараараа дэлхийд тэргүүлсэн аж. Гурван жилийн дараа буюу 2003 онд математикаар, 2006 онд шинжлэх ухааны хичээлээр олон улсын сурагчдыг манлайлав. Үүнээс хойш Финландын боловсролын салбарын олон үзүүлэлт дэлхийд тогтмол тэргүүлэх болжээ.
БАГШ СУРАГЧДЫН ХАРЬЦАА БА ХАРИЛЦАА
Манай улсын нэг багш дунджаар 40, зарим сургуульд 50 гаруй сурагчид хичээл заадаг. Харин тус улсын хоёр багш хамтран 12 сурагчтай ажилладаг юм байна. Ингэснээр хүүхэд бүрийн зан төлөвийн онцлог, хүсэл мөрөөдлийг мэддэг болдог гэнэ. Сурагчидтайгаа нэг бүрчлэн харилцаж, өдөрт хийсэн хичээл, зурсан зураг, сургалтын үеэр гаргасан ааш зангийнх нь талаар тэмдэглэл хөтлөн, эцэг, эхэд нь тогтмол хэлж тайлбарлаж өгдөг аж. “Танай хүүхэд бусдаасаа илүү бүтээлч сэтгэлгээтэй, нээлттэй зантай тул энэ чанарыг нь хөгжүүлээрэй. Том болоод урлагийн хүн болж магадгүй” гэх мэтээр зөвлөдөг гэсэн. Ингэж хөгжүүлэхийн тулд яах ёстойг ч чиглүүлдэг байна.
Багш нар нь сурагчдаа хэзээ ч шүүмжилдэггүй, хүүхдийнх нь талаар аав, ээжид нь хэлэхдээ ч олны дунд ярьдаггүй аж. Финландын боловсролын салбарыг хөгжүүлсэн томоохон хүчин зүйл нь мэдээж багшлах боловсон хүчин. Дунд сургуулийн багш нар заавал магистрын зэрэгтэй байх шаардлагатай. Мэдээж магистрын сургалттай холбоотой бүх зардлыг төр нь хариуцдаг. Зэрэг ахиулсан багш нарын хамгийн шилдэг нь л багшлах хөтөлбөрт хамрагдах эрхтэй. Энэ хөтөлбөрийн зорилго нь хүүхэдтэй харилцах арга барил эзэмшүүлэх юм байна. Харин манай улсын багш нарын хүүхэдтэй харилцах ур чадвар тийм сайн биш гэдгийг захаасаа авхуулаад л хэлнэ. Сурагчдын олонх нь найзтайгаа хүртэл өрсөлддөг, юуны ч хамаагүй медаль авах дуртай, яаж ийгээд нэгдүгээрт бичигдэх сонирхол хэтэрхий давамгайлдаг гэдэгтэй маргах хүн ч гарахгүй биз.
Финландад сурагчид нь 12 жил сураад ахлах анги төгсөх үедээ л ганц удаа тестээр шалгалт өгдөг. Багш нар шалгалтын дүнг нь тухайн хүүхдээс өөр хэнд ч мэдэгдэхгүй байх үүрэгтэй. Учир нь шалгалтаас айх айдас, онц ба муу сурлагатны ялгаа гаргаж, хүүхдүүдийг эрэмбэлэхгүй гэж тэр. Өөрөөр хэлбэл, тэнд бүх хүүхэд ижилхэн, эрх тэгш байх ёстой гэсэн зарчим баримталдаг. Тааруу сурлагатай нэгнийгээ муу сурдаг хэмээн шоолж, нөхдөөсөө дөлөхөд хүргэх нөхцөл бүрдүүлэх ёсгүй. Гэсэн хэдий ч олон улсын хэмжээнд явуулсан анги доторх сурлагын тэгш бус байдлыг үнэлэх судалгаагаар тус улсын сургуулиудын нэг ангийн сурагчдын сурлагын амжилт бараг л тэгш байжээ. Өөрөөр хэлбэл, сурагчдын авсан онооны дээд, доод хязгаарын зөрүү маш бага гэсэн үг.
Түүнчлэн тус улсын боловсролын салбарт хичээлийн цагаар хүний хандлага, харилцааны талаар ойлголт, мэдлэг өгөхийг чухалчилдаг. Зөв бодолтой хүн болон төлөвшихөд илүү анхаардаг юм байна. Тухайлбал, “Найз чинь уурласан үед хэрхэн харилцах нь зүйтэй вэ” сэдвээр ярилцсан талаараа Б-ын охин нь аав, ээждээ ярьжээ. Энэ хичээлээс юу сурсан талаараа “Хэрэв миний найз уурлаж, гомдсон байвал би түүнийг тэвэрнэ, тайвшруулна.
Түүнтэй маш тайван, эелдэг ярих хэрэгтэй” гэжээ. Харин маргааш нь “Чи өөрөө уурласан үедээ найзтайгаа яаж харилцах вэ” сэдэвт хичээлээр “Би найздаа гомдсон байсан ч түүнд уурлаж, муухай зан гаргаж болохгүй. Уурласан шалтгаанаа эелдгээр тайлбарлан, эвлэрэх хэрэгтэй” гэж ярьжээ. Өглөө ирээд хүн болгонтой мэндэлж, найз нараа тэвэрч байх хэрэгтэй. Бас найздаа хайртай, түүнийг хүндэтгэдэг гэдгээ байнга илэрхийлж сурахыг бараг л хичээлийнх нь хөтөлбөрт тусгадаг байна. Харин манайд бол амьдралдаа хэзээ ашиглах нь тодорхойгүй, учир тоймгүй олон томъёо, дүрмийг толгойг нь томортол цээжлүүлдэг.
НЭГ МЭДЭХЭД УНШААД СУРЧИХДАГ
Финланд улс хүүхдүүдээ ангид нь өрсөлдүүлдэггүй шиг сургуулиудаа ч эрэмбэлдэггүй. Өрсөлдүүлэх шаардлагагүй бүгд ижил чанартай байх ёстой гэж үздэг. Манайхтай ижил “Улсын, нийслэлийн тэргүүний” гэх цол гуншин тэнд байхгүй. Тэргүүний гэх тодотголтой, эсвэл хэчнээн төгрөгийн төлбөртэй сургуульд сурдгаараа хүүхдүүд нь ч, эцэг, эх нь ч өрсөлддөг хачин жишиг бий болоод удаж буй. Ингэснээр хүүхдүүд хоёр дахь гэртээ бусад хүүхэдтэй тэгш эрхтэй байж чадахгүй.
Бид нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдээ есдүгээр сарын 1-нд огт танихгүй жаалуудтай ангид, хэзээ ч харж байгаагүй багшид нь хүлээлгэн өгдөг. Цэцэрлэгт явж байгаагүй зарим хүүхдийг нус, нулимстай нь хутгаад, хүчээр шахам оруулаад, зугтах нь холгүй явцгаадаг. Харин Финландад хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдийг аав, ээж нь сургууль руу дагуулж очоод, танилцуулдаг гэнэ. Багш нар болон дээд ангийн ах, эгч нар нь удахгүй сурагч болох багачуудад сургуулиа “гайхуулж”, “Бид ингэж тоглодог, чи энд хооллоно, өдөр унтаж, амарч болно. Манай сургуулийн энэ нь гоё. Удахгүй дахиад уулзъя” гэх зэргээр хүүхдийг сургуульд явах хүсэл эрмэлзэлтэй болгоход тусалдаг аж.
Сурагчид сургууль дээрээ өнгөрөөх дундаж хугацаа нь бусад улсынхтай харьцуулбал хамгийн бага байдаг аж. Өглөө 08.00 цагт ирсэн сурагчдад өглөөний хоол өгдөг. Харин 08.30 цагт ирдэг нь гэртээ цайлаад ирэх ёстой. 09.00 цагт орсон хичээл 12.00 цагийн үед тарна. Хичээл хоорондын завсарлага дунджаар 15 минут. Завсарлага их, хичээллэх цаг харьцангуй бага байгааг “Хүүхдүүд амрах хэрэгтэй, хэт их дарамт, ачаалал нь хүүхдийн суралцах чадварт сөргөөр нөлөөлдөг” гэж бодлого боловсруулагчид нь тайлбарладаг байна.
Ангид нь ямар ч ширээ сандал байхгүй. Бага ангийн хүүхдүүд зөвхөн тоглох л ёстой. Гэхдээ тэд тоглонгоо олон зүйл сурдаг. Ээж, аавууд нь бага ангид сурдаг хүүхэд нь үсэг үзэж байгаа, эсэхийг нь бараг мэдээгүй байхад уншаад сурчихдаг аж. Яагаад гэвэл тэд хэзээ ч орой бүр хүүхэдтэйгээ гэрийн даалгавартай ноцолдож, олон хуудас хуулан бичлэг хийдэггүй. Харин дунд болон ахлах ангийн сурагч гэрийн даалгавар хийлээ гэж бодоход өдөрт 10- 20 минутыг л зарцуулах ёстой. Учир нь “Хүүхэд хүүхдээрээ байх нь чухал. Тоглож, наадах ёстой хүүхэд наснаас нь хэн ч хумсалж, хичээлийн дарамтад оруулах ёсгүй” гэж тэндхийн сурган хүмүүжүүлэгчид ярьдаг гэсэн. Мөн нэмэлт дугуйлан, дамжаа, давтлагад явдаггүй. Тэгсэн хэрнээ ахлах ангийн сурагчид нь дунджаар 2-3 орны хэлээр ярьдаг гэнэ.
Хүүхдүүд хичээлийн ихэнх цагийг гадаа тоглож өнгөрөөнө. Өвлийн улиралд 30 хэм хүйтэн байсан ч тэд гадаа гүйж явдаг гэсэн. Цаг агаарын ийм нөхцөлд ингэж хувцаслах ёстой гээд стандартчилсан тул хэн ч түүнийг зөрчдөггүй учраас даарна, хөрнө гэж санаа зовдоггүй юм байна.
Бас тэндхийн бага ангийн хүүхдүүд хэзээ ч хичээлдээ цүнх үүрч явдаггүй гэнэ. Хүсвэл тоглоомоо авч очиж болно. Харин манай сурагчид өдөр бүр 5-6 кг хүнд цүнх үүрч явдаг. Ямар сайндаа л “Явдаг цүнхнүүд” хэмээн хочлуулж байх вэ дээ. Энэ мэт энгийн зүйл нь ч хүүхдийнхээ төлөө байдаг Финланд улс боловсролоороо дэлхийд тэргүүлэхээс ч яах билээ. Өндөр хөгжилтэй эсвэл хурдацтай хөгжиж буй орнууд Финландын боловсролын системийн талаар туршлага судалж, зарим нь улсдаа нэвтрүүлж эхэлж байгаа гэсэн.
ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА
Финландын сурагчид есдүгээр ангиа төгсөөд цаашдаа аль чиглэлээр дагнан хичээллэхээ сонгодог аж. Манайхаар бол Мэргэжлийн сургалт үйлвэрлэлийн төвд сурах, эсвэл ахлах ангиа төгсөөд их, дээд сургуульд элсэх, эсэхээ шийддэг. Хэрэв их сургуульд сурахгүйгээр шийдсэн бол 12 дугаар анги төгсөхдөө мэргэжилтэй болдог гэсэн үг. Эсвэл ингэж сураад төгссөн ч дахиад их сургуульд элсэн орох боломж нь нээлттэй. Ингэхийн тулд мэдээж маш өндөр босго давах хэрэгтэй. Саяхныг хүртэл Финландын их сургуулиуд гадаадын оюутнуудад ч төлбөргүй байж. Харин өнгөрсөн жилээс Европын холбооны улсуудаас бусад орны оюутнуудыг 8000-20 000 еврогийн төлбөртэй сургадаг болжээ.
Финланд таван сая гаруй хүнтэй, улсын 14 их сургуультай. Тэнд хувийн сургууль гэж байхгүй. 14 сургуулийнх нь тав нь дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтад олон жил багтаж байна. Харин манай улсад өнгөрсөн онд гаргасан судалгаагаар төрийн болон хувийн хэвшлийн 96 их, дээд сургууль байна. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг энэ олон сургууль гурван сая гаруй бидэнд ахадна.
Тэндхийн боловсролын салбарт улс төр хэзээ ч холилддоггүй. Дөрвөн жилийн хугацаатай болдог сонгуулиар улсын хэдэн сургуулийнхаа захирлуудыг халж, сольдог уламжлал нь манай дээд боловсрол эзэмшигчдийн сургалтын чанарт нөлөөлж л байгаа. Учир нь удирдлагаа дагаад багш нар нь хүртэл талцаж байхад ямар хүн тэндээс сайн боловсрол эзэмших билээ.
Бид Финландын боловсролын системийг нутагшуулахад болохгүй зүйлгүй л болов уу. Боловсролын салбартаа хийсэн өөрчлөлт, шинэчлэл нь одоо тэднийг ямар болгосныг бид бэлхнээ харж байна шүү дээ. Улс орны хөгжлийг хүн бий болгоно гэдгийг хэзээ ойлгох вэ, бид.
Бэлтгэсэн: А.Сүлд