Манай улс 1941 оноос хойш кирилл бичгийг албан ёсоор ашиглаж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ, соёл нэвтэрсэн ч анх зөв бичих дүрмийн хүрээнд 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, хэл судлаач Б.Осор нар 18 мянган толгой үгийг цэгцэлж, журамлажээ. Үүнээс хойш зөв бичих дүрэмд тусгагдаагүй, албан ёсоор журамлагдаагүй үг олширч, маргааны сэжүүр болсоор байв. Тэгвэл одоо бүх маргааныг цэгцэлж, нэг мөр журамлан шийдэх “зэвсэг” буюу зөв бичих дүрмийн журамласан тольтой боллоо.
Өөрөөр хэлбэл, Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны нэгдүгээр тогтоол буюу олны хэлдгээр журамласан 700 үгийг хүчингүйд тооцож, энэ номд бичигдсэнээр цаашид хэрэглэхээр болж байгаа юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өчигдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлт болов. Нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдын хамт оролцсон.
Мөн Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга “Хэл бичгийн эрдэмтэд маань тохиролцож, зөвшилцсөнөөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдсэнийг би нэн сайшаалтайгаар хүлээн авлаа. Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын нийт иргэн, төрийн албан хаагч, эрдэмтэд, судлаачид, хэвлэлийн газрынхан, сонины редакцынхан энэ толийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, баримтлах учиртай. Хэл хэн нэгний хүсэл сонирхол, үзэл баримтлал, бодлоос хамааралгүйгээр улс даяар нэгэн жигд, тогтвортой дүрмээр бичигдэж, жигдрэх ёстой.
Хувийн хандлага, сөргөх сэтгэл зүйгээ март. Мэдээж хэлний зарим эрдэмтэн, судлаачдын санаанд нийцэхгүй, өөнтөглөх, шүүмжлэх сэдэл гарч магадгүй. Хүн бүрийн санаа, үзэл баримтлалыг харгалзах гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч гарахгүй. Энэ нь хэзээ ч дуусахгүй маргааны сэдэв байх болно. Ийм учраас төрөөс монгол хэлний зөв бичих дүрмийг албан ёсоор журамлаж байна гэж үзээд энэ толийг мөрдлөг болгох нь өнөөгийн шаардлагад нийцнэ.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бол хэлний хэрэглээний хувьд Үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт, хэрэглэгдэхүүн юм” хэмээн онцолсон. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам “Одоо бид санаа, мэдрэмжээрээ бичих бус, журамлан цэгцэлсэн уг толь бичгийг баримтлаарай. Мэдээж энэ толь үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл эрдмийн маргаан үргэлжилнэ” гэв. С.Дулам, Н.Болд, Ц.Өнөрбаян, Ж.Баянсан тэргүүтэй хэл шинжлэлийн 30 шахам эрдэмтэн уг толийг бүтээхэд хамтран ажиллажээ. Тэд үүнийг зохиогоогүй, Ц.Дамдинсүрэнгийн зохиосон дүрэмд тулгуурласан, олон жилийн турш элдэв янзаар бичиж, зөв, бурууг нь ялгахаа больсон үгнүүдийн зохист хувилбарыг тогтоож, журамласан болохыг онцолсон юм.
Тольд хэл зүйн идэвхтэй хувилал бүхий 38 мянган толгой үг багтаажээ. Эдгээрийг эх орны өнцөг булан бүрт ажиллаж буй монгол хэлний багш, эрдэмтэн, судлаачдын санал болгосон 60 мянган толгой үгсээс шигшсэн юм байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн танилцуулснаар үгийн код, давтамж, үгсийн аймгийн ангилал, товч тайлбар, аялга өгүүлбэр, дутмаг үйл үг зэргээр ангилж, үг нэг бүрийн ард хадаж оруулсан аж. Түүнчлэн дохионы хэлний цагаан толгойг хэрэглэжээ. Ёслолын үеэр үг хэлсэн эрхмүүдийн үгийг ч дохионы хэлээр дамжуулж байлаа.
Дашрамд дурдахад, уг толийг цахимаар үнэ төлбөргүй тарааж, интернэтэд байршуулсан байна. Үүнээс гадна www.president.mn болон www.toli.gov.mn албан ёсны цахим хуудаснаас татаж авах боломжтой. Үүнийг нийт 13 мянган ширхэг хэвлэсэн бөгөөд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар санхүүжүүлсэн тул бүх сургууль, номын сан, төрийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад үнэгүй тараах аж.