Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) хэрхэн эхэлж буйг сурвалжлахаар нийслэлийн 11 сургуулийн 773 сурагч шалгалт өгч байгаа “Оюуны Ундраа” цогцолбор сургуульд очив. Хүүхдүүд эхний шалгалтаа өгөөд гарч ирэхдээ эцэг эх, багш нартаа “Сайн хийчихлээ” гэж ам уралдан ярьж байгаагаас харахад өөрсдөдөө итгэлтэй байгаа нь илт.
Энэ талаар “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн төгсөгч Б.Баярбаясгалангаас тодруулахад “Элсэлтийн ерөнхий шалгалт маш хэцүү гэж төсөөлж, сандарч байсан. Харин монгол хэл, бичгийн шалгалт санаснаас амархан байлаа. Өмнөх жилүүдийн материалтай нэлээд төстэй, яг л бэлдэж байсны дагуу ирсэн. Зарим хүүхэд 20-30 минутын өмнө даалгавраа хийгээд дуусгасан” гэв. Өөр хэдэн хүүхэд түүнтэй санал нэг байв.
Энэ онд улсын хэмжээнд 43 846 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлснээс 87 хувь нь энэ жилийн, үлдсэн нь өмнөх оны төгсөгч байжээ. Боловсролын үнэлгээний төвөөс орон нутагт 22, нийслэлд 27 байранд тэднийг хуваарилсан байна. Шалгалтын байрны цонхон дээр журмыг хар болон улаанаар бичсэн нь холоос ч уншигдахаар аж.
Дурдвал, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг, иргэний үнэмлэх зэрэг нь мэдээж хар өнгөтэй. Харин гар утас, тооны машин, таблет, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас зэргийг танхимд авч орохыг хориглосон тул улаанаар бичжээ.
Бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой эдгээр зүйл авч орохыг хориглосон байв. Танхимд сурагчид нэг цагийн өмнө бэлэн байх бөгөөд шалгалт эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзлэх шаардлагатай. Дурдсан хугацаанаас хожимдсон тохиолдолд оруулахгүй хэмээн зохион байгуулагчид хатуу сануулжээ.
Энэ жилийн ЭЕШ-ын онцлогийн талаар Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат “Шалгалтыг ил тод, шударга явуулах үүднээс байруудыг бүрэн камержуулж, металл илрүүлэгч, утасны сүлжээ унагаагч суурилуулсан.
Ирэх жилээс ЭЕШ-ын бүх байранд сурагчдын материалыг шууд засах систем нэвтрүүлэхээр бэлтгэл хийж байна. Тус ажлын хүрээнд энэ жил Ховд, Орхон аймагт анх удаа эл системийг нэвтрүүлсэн. Тодруулбал, тухайн сурагч шалгалтаас ойролцоогоор 10 минутын дараа оноогоо мэдэх боломжтой” гэсэн юм.
Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх ЭЕШ-ын зөв хариултыг шалгалт дууссанаас долоо хоногийн дараа өдөр тутмын сонинууд болон Боловсролын үнэлгээний төвийн сайтад тавих бөгөөд дүнг уламжлал ёсоор долдугаар сарын 1-ний 09.00 цагаас зарлах аж. Сурагчид бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан тус сайтын “шалгуулагчийн булан” хэсэгт нэвтрэн, оноотойгоо танилцах юм байна.
Зохион байгуулагчдын хэлж буйгаар энэ жил сурагчдын 60-аас дээш хувь нь математик, физик, нийгмийн тухай мэдлэг, англи хэлний хичээлээр шалгалт өгөх бол Монголын түүх, орос хэлний хичээлийг хамгийн бага сонгосон гэнэ. Монгол хэл, бичиг, математик, физик, химийн хичээлийн даалгавар гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи, орос хэл, биологи, газар зүй, Монгол Улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалт 80 минут үргэлжлэх аж.
Амьдралдаа хамгийн хариуцлагатай хандах үед ирээд буй төгсөгчдөөс эзэмших мэргэжлийнх нь талаар асуухад програм хангамжийн болон мэдээлэл технологийн инженер, нанотехнологич, эдийн засагч, эмзүйч гэх зэргээр хариулав.
Хэдхэн жилийн өмнө наад захын хүүхэд эмч, багш, нягтлан бодогч зэрэг “даац хэтрүүлсэн” мэргэжил сонгох нь элбэг байсан. Харин өнөөдөр инженер, техникийн болон оюуны бяд шаардсан мэргэжил сонгох болжээ.
Шалгалтын үеэр хүүхдээ хүлээгээд сүүдэр бараадан зогсох эцэг, эхчүүдийн төлөөлөл Г.Цогт-Очироос хүүхдийнхээ шалгалтын бэлтгэлд хэрхэн дэмжлэг үзүүлсэн талаар асуухад “Охин минь дөрвөн хичээлээр шалгуулна. Хамгийн чухал гэсэн хоёроор нь хичээлээс гадуурх сургалтад хамрагдсан” гэв.
Ямартай ч төгсөгчид бэлтгэлээ хангаж, Боловсролын үнэлгээний төвийнхөн ч зохион байгуулалтаа чангатгасан нь энэ жилийн ЭЕШ-ын гараа сайн байгааг харууллаа.