Монголын улсын ирээдүйг өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтнүүд, ур чадвар, дадлага эзэмшсэн, мэргэшсэн бүтээлч хүмүүс тодорхойлох нь гарцаагүй юм. Харамсалтай нь шилжилтийн гэж болох өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын систем доголдсоноос шалтгаалан өнөөдөр төрийн байгууллагууд нь тоо, статистик хөөцөлдөж, боловсролын байгууллагууд нь оршин тогтнохын төлөө мөнгө, хөрөнгөнд илүүтэй анхаарч, суралцагсад нь диплом, гэрчилгээ хөөцөлддөг гаж үзэгдэл хэм хэмжээ болон тогтоод байна.
Улсын Их Хурлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бэлтгэж, улс төрийн намууд, судлаачид, өөрчлөлт шинэчлэлийг эрэлхийлэгч хүн бүхэн өөр өөрийн хувилбар, төслийг олон түмэндээ танилцуулж хэлэлцүүлж байна. Түүхэн энэ цаг мөчид бид боловсролын реформыг цаг алдалгүй хамтад нь хэрэгжүүлэхгүйгээр төрийн чадварлаг алба, дэлхийн түвшинд өрсөлдөх, өндөр боловсролтой, бүтээлч, чадварлаг хүмүүс бүхий гэрэлт ирээдүйг төсөөлөх аргагүй билээ.
Өнөөгийн байдлаар Монголын боловсролын салбарт тулгамдаж буй асуудал бол ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн харьцаа юм. Улсын болон хувийн их дээд сургуулиудад нийт 170 мянга гаруй оюутнууд суралцаж байна. Гэвч нийт төгсөгчдийн 30 хувь нь ажилд ордог, харин тэдний тэн хагас буюу нийт төгсөгчдийн 15 хувь нь л мэргэжлээрээ ажилладаг тухай судалгаа бий. Харин мэргэжил сургалтын төвийн төгсөгчдийн 60 хувь нь мэргэжлээрээ ажилладаг байна. Үүнээс үзэхэд дээд боловсрол эзэмших гэж хүн бүр тэмүүлдэг ч нийгмийн баталгаа байхгүй байна.
Энэ бүхэн нь өнөөгийн боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хийх зайлшгүй шаардлагатайг тод харуулж байна.
Иймд Монгол Үндэсний Ардчилсан Намаас "Үндсэн хууль ба боловсролын эрс шинэчлэл" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачид, Улс төрийн намын зүтгэлтнүүд, боловсролын салбарын мэргэжилтнүүд оролцох юм байна.