Энэ жил ЭЕШ өгөх дүү маань математикийн долоон томъёог “мэдэхгүй, харж байгаагүй” гээд сууж байх юм. Уг нь аль долдугаар ангиас нь хойш заалгах ёстой сургалтын системд орсон байх ёстой шүү дээ. Ийм л жижиг зүйлээс манай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын систем хэр түвшинд явж байгаа нь харагдаж байгаа юм.
Уг нь аливаа орны хүний нөөцийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт нь ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын чанар байдаг. Тэгвэл энэ үзүүлэлт Монголын боловсролын салбарт доголдож, тэнцвэрт байдал олон жил алдагдаж ирлээ. Хэдхэн жилийн өмнө дэлхий нийтийн боловсролын стандарттай зэрэгцэж алхахын тулд “Кембриж”-ийн буюу 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн. Хөгжингүй орнуудад хэрэглэж буй 12 жилийн сургалтын систем нь дөрөв, дөрвөн жилээр хуваагддаг байна. Эхний дөрвөн жил нь бага анги буюу elementary school, дараагийнх нь дунд анги буюу junior high school, сүүлийн дөрвөн жил нь ахлах анги буюу high school байдаг. Эдгээр нь өөрсдийн онцлогтоо тохируулсан сургалтын хөтөлбөрөөр дагнан тус тусдаа нэг сургууль болон үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл манайхан үүнийг Монголын хөрсөн дээр нутагшуулах нь бүү хэл нэмэгдсэн 420 цагийн сургалтад шинэ хичээл ч нэмэгдээгүй. Харин 10 жилийнхээ хичээлийн хугацааг сунгаад л яваад байгаа гэхэд илүүдэхгүй биз ээ. Үүний нэгэн жишээ нь нэгдүгээр ангийнхан тухайн жилийнхээ өвөл л “Үсэглэлийн баяр”-аа хийдэг байсан бол одоо бараг зуны амралт эхлэх гэж байхад 35 үсгээ сураад дуусч байх жишээний. 35-хан үсгийг бүтэн нэг жилийн хугацаанд сурах хэрэг байдаг ч юм уу гэх эцэг эх олон байгааг дурдах нь зүйтэй болов уу.
Жил нэмэн байж нэвтрүүлсэн Кембрижийн систем нь 2011 онд туршилтаар гуравхан сургуульд хэрэгжээд л цааш нь хэрэгжүүлж чадаагүй. Үүний дараа 2012 оноос “Цөм” хөтөлбөр хэрэгжиж буй. Бага ангийхнаас эхэлсэн тус хөтөлбөр энэ жилээс бүрэн дунд сургууль руу шилжиж, одоогоор 100 хувь хэрэгжиж буйг БСШУСЯ-ны Боловсролын газрын дарга Т.Ням-Очир хэлсэн юм. Ийнхүү ойр ойрхон солигдож буй систем нь хүүхдүүдийн байтугай багш нарын ч толгойг хангалттай эргүүлж байгаа юм.
"500-гийн таван хувийг шууд олчихаж чадахгүй, арван жилийн тоогоо ч бодож чадахгүй байгаа хүн дээд математикийн хичээлийг ойлгоно гэж яриад ч хэрэггүй"
Саяхан улсын гэх тодотголтой нэгэн сургуулийн 12 дугаар ангийн сурагчид шалгалтандаа нийтээрээ унасан учир дахин шалтгалт авсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Мөн их сургуулийн босгыг дөнгөж алхаж орж буй нэгдүгээр курсынхны мэдлэг оюутны мэдлэгийн хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Нэгэн хувийн их сургуульд багшилж байсан профессор хэлэхдээ “Дөнгөж нэгдүгээр курсын оюутан болж байгаа зарим хүүхэд наад захын ч мэдлэггүй орж ирдэг. 500-гийн таван хувийг шууд олчихаж чадахгүй, арван жилийн тоогоо ч бодож чадахгүй байгаа хүн дээд математикийн хичээлийг ойлгоно гэж яриад ч хэрэггүй. Тийм хүүхдүүдэд тоог нь эхнээс нь заах хэрэг гардаг. Уг нь хувийн сургууль ч гэсэн босго оноо тогтоож өгөх хэрэгтэй байгаа юм даа. Гэтэл мөнгөө л төлж байвал үүд хаалгаа нээлттэй болсон цагт хүүхдүүдийн сурах эрмэлзэл нэмэгдэхгүй л болов уу” гэсэн юм. Харин МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн доктор, профессор багш Л.Оюун “Санхүү, эдийн засгийн сургууль, МУИС зэрэг улсын сургуулиуд хувийнхийг бодвол босго оноо өндөртэй учир дийлэнх нь шилэгдсэн оюутнууд сурдаг. Иймд дээрх асуудлууд гардаггүй гэсэн үг. Уг нь хувийн сургуулиуд ч гэсэн ядаж 600 оноогоор босгоо тогтоож өгвөл сурагчид ЭЕШ-даа бэлдэх нь ч ихсэх байх” гэсэн юм.
Үнэхээр ч улсынхад нь орж чадахгүй бол хувийнхад нь мөнгө төлөөд л оруулчихна гэх бодол хүүхдүүдийн ч сурах эрмэлзлийг бууруулж байж ч мэднэ. Жимс бүрэн боловсорсон хойноо амттай байдаг. Гэвч бид түүхий, ногооноороо байгаа жимсийг л амтлаад байгаа хэрэг шүү дээ. Багшийн цалин муу учир сайн сурагчид багш болох хүсэлгүй. Гэвч улсын гэх тодотголтой сургуулиудаас босго оноо хамгийн багатай нь Багшийн сургууль байдаг. Иймдээ ч өөрийн тааруухан оноогоороо улсын сургуульд багтаж орохын тулд аргагүйн эрхэнд багшийн мэргэжлийг сонгож байгаа нь нууц биш.
Иймд сургалтын тогтолцоо муудаж буйд багш нарын ч оролцоо бий. Уг нь 2005 оноос хойш “Багшийн хөгжлийн хөтөлбөр”-ийн дагуу багш нарт улирал тутамд сургалт явуулж байж. Гэвч өөрчлөгдөн солигдсон “Кембриж” болон “Цөм” системд багшлах багшийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлтийн тайланд боловсролын системийг шинэчлэх, сурах бичгийн чанарыг сайжруулах, 12 жилийн системийг боловсронгуй болгох зэрэг заалтуудыг тусгасан ч багшийн хөгжлийн талаарх нэг ч заалт байсангүй. Тэгэхээр бид багшаа бэлдэлгүйгээр 12 жил рүү автоматаар шилжчихсэн болж таарч байгаа юм. Ийм байхад дэлхийн боловсролын жишигтэй хөл нийцүүлэн алхахын тулд хийж байгаа шинэчлэл зөв байв уу хэмээн эргэлзэхэд хүрлээ.
Үүгээрээ дэлхийн боловсролын жишгийг дагахыг оролдож буйг эсэргүүцэх гэсэнгүй. Гэхдээ түүндээ тааруулж сургалтынхаа чанарыг ч мөн нэмэгдүүлэх хэрэгтэйг онцлохыг хүслээ.