Мал, амьтны эрүүл мэндийн болон Малын генетик нөөцийн тухай хуулийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлээд байна. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлэг, үржлийн газрын чиг үүргийг хоёр салгаж, Мал эмнэлгийн ерөнхий газар болгож өөрчлөн байгуулах УИХ-ын тогтоол гараад буй билээ. Тодруулбал, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Мал эмнэлгийн ерөнхий газарт, малын үржил, бүртгэлийн чиглэлийн үйл ажиллагааг одоо хариуцаж байгаа хэлтэс нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бүтцэд чиг үүргээрээ харьяалахаар болоод байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегаас зарим зүйлийг тодрууллаа.
-Малын генетик нөөцийн болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд оруулсан гол өөрчлөлтүүдийг тодруулахгүй юу?
-Мал эмнэлгийн салбар бодлого, хэрэгжилт, хяналтын нэгдмэл бүтэц, тогтолцоотой болсноор дотоод, гадаад зах зээлд нийлүүлж байгаа бүтээгдэхүүнийг хянах, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг баталгаажуулах үйл ажиллагаа олон улсын жишигт хүрнэ гэж найдаж байна. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиар зохицуулж байсан харилцааг хоёр салгаж эдгээр хуульд нарийвчлан тусгасан юм.
Малын генетик нөөцийн тухай хууль нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүхэлд нь эдийн засгийн эргэлтэд оруулах, малыг “нөөц баялаг” гэж харсан үзэл баримтлалтай. Өөрөөр хэлбэл, малын тоонд биш чанарт анхаарах төрийн бодлогын хүрээнд энэ хуулийг баталсан. Үүний дагуу бид мал аж ахуйн үйлдвэрлэлд хамаарах бүх нөөц баялгаа дөрвөн ангиллаар бүртгэж, тэдгээрийн тоо, чанар, төлөв байдал ямар байгааг үнэлэх, улмаар хариу арга хэмжээ авах боломж бүрдэнэ.
Малчдад мэргэжлийн үнэмлэх олгохоос гадна малчин өрхийг үндэсний үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгэж, гэрчилгээ, баталгааны тэмдэг олгоно. Өөрөөр хэлбэл, үндэсний өв соёлоо тээж яваа манай малчид үндэсний хэмжээнд, мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэмлэхийг тодорхой журмын дагуу авах боломж нээгдэж байгаа юм. Ерөнхийдөө малчны хотноос гарч байгаа мал, түүхий эд, бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг “Энэ манайх” хэмээн баталгаажуулж, нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг.
Тухайлбал, яг энэ харилцааг өмнө нь Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд 2011 оноос эхлэн журмаар зохицуулж байсан. Харин одоо энэ хуулиар зохицуулна. Мөн сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай малчид, компаниуд төрөл бүрийн үүлдрийн мал, үр, хөврөл үрийг сайн гэж гадаадаас авч, хяналтгүй ашигласнаас болж монгол малын үүлдэрлэг байдал, сүргийн бүтэц алдагдах, давжаарах, ашиг шим буурах, эрлийзжих болсон шүү дээ.
Тиймээс “Монгол Улсын үржлийн гойд ашиг шимт малын ном” гэдгийг хөтөлдөг болно. Улсын хэмжээний гойд ашиг шимт малыг аймаг, сумаар нь нийтэд мэдээлэх цахим хуудас ажиллах юм. Ингэснээр үржлийн үнэт чанараараа улсын бүртгэлд орсон малын үнэ жирийн малынхаас 2-3 дахин өндөр байх болно. Бусад оронд ийм л жишигтэй байдаг. Мэдээж энэ хууль зөвхөн малчдад хамаатай гэж ойлгож болохгүй л дээ.
-Эдгээр хуулийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний нөөц хангалттай байна уу?
-2010 онд баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сум бүрт Мал эмнэлэг, үржлийн тасгийг гурван хүний орон тоотой байгуулсан. Энэ үед 330 сумын тасаг бүрт нэг малзүйч, нэг эмч, хөдөө аж ахуйн чиглэлийн нэг мэргэжилтэн ажиллаж байсан. Харамсалтай нь, 2014-2016 онд тэднээс 63 малзүйчийг үндэслэлгүйгээр халж, чөлөөлсөн.
Ер нь бол суманд мал аж ахуйн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан төрийн бүтэц байхтай холбоотой хуулийн зохицуулалтгүй явж ирснийг ийнхүү өөрчилж байгаа юм. Мөн хувийн хэвшлийн үйлчилгээний нэгжүүд мал эмнэлгийн болон үржлийн ажлыг хавсарч хийж болохоор зохицуулалттай байсан. Хөрөнгө, санхүүжилтийн хязгаарлагдмал байдлаас хамааран малын үржлийн ажил, үйлчилгээг дагнан хийдэг нэгжийн тоо бага байх нэг шалтгаан байсан гэж хэлж болно.
Энэ бол бодит байдал. Гэхдээ судлаад үзвэл боловсон хүчний нөөц шинэ хууль хэрэгжүүлэхэд хангалттай. Бид дунд мэргэжлийн малзүйчдийг ахисан түвшний сургалтад хамруулах ажлыг ХААИС-тай хамтран хийж байгаа. Орон нутгаас үүнийг сонирхох залуучуудын тоо ихсэх хандлагатай байна. Энэ намар 96 оюутан шинээр малзүйч мэргэжлээр сурахаар элссэн байна лээ.
-Орон нутагт төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд ямар бүтэц, уялдаатай ажиллана гэсэн үг вэ?
-Одоогийн сумын Засаг даргын Тамгын газрын харьяанд байгаа Мал эмнэлэг, үржлийн тасгийн нэр өөрчлөгдөж, Хөдөө аж ахуйн тасаг болж байна. Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлийн төрийн анхан шатны нэгжийн чиг үүрэгт ажлыг хариуцаж хийнэ гэсэн үг. Энэ тасгаас малын эмч нь Мал эмнэлгийн тасаг руу шилжин ажиллана. Сум, аймаг, улсын түвшинд мал эмнэлгийн байгууллага босоо тогтолцоотойгоор ажиллана.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаагаа хэвээр эрхэлж, мал эмнэлгийн чиг үүргийг хэрэгжүүлэх хүмүүс нь босоо тогтолцоотой ажиллана гэсэн үг. Хувийн хэвшлийн мал эмнэлгийн болон малын үржүүлэг, технологийн нэгжүүд хуульд заасан чиг үүрэгт ажлыг хариуцан хийж, сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч нартайгаа гурвалсан гэрээтэй ажиллана.
Нийслэлийн мал бүхий дүүрэгт тасаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт бүтцийн нэгж ажиллах шинэ заалт бий. Мөн мэргэжлийн холбоо, нийгэмлэг зэрэг нь тодорхой чиг үүргийг төрийн өмнөөс гүйцэтгэхээр заасан.
-Малыг экспортод гаргахад эрүүл байх нь чухал. Үүнийг бүрэн дүүрэн хангаж, хэрэгжүүлэх ямар зохицуулалт байгаа вэ?
-Малын эрүүл байдлыг баталгаажуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн түвшин хүлээн авагч талын эрэлтийг хангаж байгаа, эсэх нь мах экспортлох суурь асуудал байдаг. Тиймээс улсын болон бүс нутгийн хэмжээнд хорионд орох шалтгаан болдог асуудлуудаа цэгцэлнэ. Өвчнийг урьдчилан тандах, хариу арга хэмжээ авах, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, хянах, шуурхай байдлыг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах замаар малын эрүүл байдлыг баталгаажуулахаар тусгасан.