“Нийт оюутныхаа 97 хувийг магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд сургаж байна гэдэг бол харьцангуй сайн үзүүлэлт” хэмээн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээч бүсгүй хэлэв. 2016 оны байдлаар манайд үйл ажиллагаа явуулж байсан 97 их, дээд сургуулийн 70 орчим нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн хорин долоо, наймд нь нийт оюутны гурав хүрэхгүй хувь нь суралцаж байжээ. Өдгөө энэ тоо яг хэд болсныг хэлж мэдэхгүй ч ирэх хичээлийн жилээс 70 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулах болов уу гэсэн таамаг дэвшүүллээ. 2016 оноос хойш хоёр жилийн хугацаанд энэ тоо ердөө нэгээр буурч, 96 болсноос харахад 2018-2019 оны хичээлийн жилд гэнэт 20, 30-аар буурах уу гэдэг эргэлзээтэй.
Урьд нь магадлан итгэмжлэлд Монголын их, дээд сургуулиуд сайн дураараа ордог байсныг 2016 оны Боловсролын тухай багц хуулиар заавал хамрагдах ёстой гэсэн шаардлага тавьдаг болсон. Магадлан итгэмжлэлийн шалгуур, шахалт шаардлагын ачаар их, дээд сургуулиуд өөрсдийнхөө боломж нөхцөл, хүчин чадал, давуу болон сул талаа мэдрээд, эхнээсээ үүдээ барих нь барьж, хоорондоо нэгдэх нь нэгдэж байгаа тул тэрбээр ийн найдсан биз.
Ихэвчлэн болж бүтэхгүй байгаагаа “цоллуулдаг” дээд боловсролын салбар яст мэлхийн хурдаар урагшлахад өчүүхэн ч болов гэрэл гэгээ нэмэх зүйл нь энэ мөн болов уу. Ингэхэд магадлан итгэмжлэл гэж юуг хэлээд байгаа юм бол. “16 их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дуусаж байгаа” гэдэг мэдээлэл энэ хавар гарахад олон нийт “Ашгүй дээ, өнөөх олон их, дээд сургуулиас 16 нь ч болов хаагдах нь” хэмээн өвөр зуураа ярилцаж байлаа.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл (БМИҮЗ) хэмээх байгууллага байдгийг, ямархуу чиг үүрэг, статустай болохыг ч бараг энэ мэдээллийн дараачаас хүмүүс бага сага мэдэж авсан гэхэд хилсдэхгүй. Харин Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга О.Янжмаа “Магадлан итгэмжлэл гэдэг нь чанарын урьдчилан тогтоосон шалгуур, үзүүлэлтүүдийг хангаж буй боловсролын байгууллага, эсвэл түүний тодорхой салбарын үйл ажиллагааг эрх бүхий хөндлөнгийн этгээд магадлан шинжилж, хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.
Монгол Улсад энэхүү үйл ажиллагааг ганц манайх хэрэгжүүлдэг. Бид тухайн байгууллагын үйл ажиллагаа юун дээрээ алдаа дутагдалтай байна, тэдгээрийг олон улсын стандартад ойртуулахын тулд яаж засаж сайжруулах вэ гэдэг чанарын асуудалд голлон төвлөрдөг. Түүнээс биш их, дээд сургуулиудыг шууд хаах, үйл ажиллагааг нь зогсоохыг урьтал болгодоггүй” хэмээн ярилаа.
Дээрх 16 сургуулиас 4-5 нь өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаагаа зогсоох санал гаргасан гэж дуулдсан. Зах зээлийн жамаар, чанарын үнэлгээний шалгуураар өрсөлдөөний талбараас арчигдахаа мэдээд, эхнээсээ ийм алхам хийж байгаа бололтой. Учир нь 1998 оноос манайд анх нэвтэрсэн ч олон жил ор нэр төдий явсан байгууллагын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл гэдэг зүйл өдгөө “амь оржээ”.
БМИҮЗ Монголд байгуулагдаж, хөлөө олоход Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Дээд боловсролын шинэчлэл” төсөл ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Магадлан итгэмжлэлийн үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд 1.4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт өгсний ачаар манайхан Европын холбооны боловсролын стандарт шаардлагад нийцсэн шалгуурыг 2015 онд боловсруулж, Олон улсын магадлан итгэмжлэлийн ASIIN байгууллагатай хамтран туршилтын магадлан итгэмжлэл хийсэн аж. 2018-2019 оны хичээлийн жилээс олон улсын стандартад бүрэн нийцсэн шалгуур үзүүлэлтээр магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэнийг тус зөвлөлийнхөн хэлсэн.
2017 онд Монголын их, дээд сургуулиудаас “Шихихутаг” олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинэ шалгуураар анх удаа орж, ард нь гарчээ. 1991 онд байгуулагдсан цагаасаа хойш эрх зүй, бизнесийн эрх зүй гэсэн хоёр хөтөлбөрөөр дагнан сургалт явуулж буй тус сургууль эчнээ, бакалавр, магистр, докторын сургалт нийлээд жилд ердөө 200-250 элсэгч л авдгаараа онцлогтойг захирал Д.Оюунцэцэг “гайхуулав”.
Хувийн сургуулиуд аль болох олон элсэгч “урвуулж” авахын тулд үхэн хатан тэмцэлддэг байхад эрх зүйн чиглэлээр төрөлжсөн сургалт явуулдаг “Шихихутаг”-ийнхан тэгдэггүй, толгой өндөр байдгийг салбарынхан нь ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Сургалтын хөтөлбөрийн чанараас гадна багшлах боловсон хүчин (нийт багшийнх нь 35 хувь нь докторын зэрэгтэй), сургалтын орчин, анги танхим, судалгааны лаборатори, номын сан, санхүүгийн чадамж гээд олон зүйлийг харгалзан байгууллагын магадлан итгэмжлэлийн өндөр босгыг давжээ.
Монгол дахь хувийн их, дээд сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлбэл адаглаад төгсөгчид нь ажлын байрны төлөө толгой өвтгөхгүй болно гэдгийг олон хүн хэлдэг. Эдний төгсөгчдийн 60-65 хувь нь шууд хуульч, прокурор, өмгөөлөгч, шүүгч, нотариатч гэхчилэн мэргэжлээрээ ажилладаг гэхээр энэ нь ортой юм шиг ээ.
2025 он гэхэд судалгааны их сургууль болох зорилт тавьсан тэд магадлан итгэмжлэлийн хамгийн эхний шалгуур буюу өөрийн үнэлгээний тайлангаа англи хэлээр бичиж, Германы ASIIN байгууллагаас ирсэн төлөөлөгчдөөр шинжүүлэх үеэр “Танай Монголын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага их сайн юм байна. Тайлангуудыг дүйцүүлээд үзэхэд манайхнаас дутах юм алга” хэмээн дүгнэснийг багш нар нь дуулгав. Бид л анзаардаггүй болохоос Монголын магадлан итгэмжлэл, чанарын үнэлгээний тогтолцоо сайжирч, олон улстай эн зэрэгцэх хэмжээнд дөхөж буйн жишээ энэ гэлтэй.
Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд нэг үе 200 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, өнөөдүүлийг чанарын үнэлгээ хийж магадлан итгэмжлэх учиртай байгууллагынхан нь толгой эргэм олон баримт бичиг дундаа төөрөлддөг байв. Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой 30 шахам дүрэм, журам, шалгуур шаардлага байсныг нэгтгэхийг нь нэгтгэж, өөрчлөн сайжруулахыг нь сайжруулж албажуулаад, бодлогын томоохон 2-3 эрх зүйн баримт бичигтэй болох зорилт тавьжээ, үндэсний зөвлөлийнхөн.
Мөн Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм гэдэг эрх зүйн баримт бичгийг Засгийн газраар батлуулах гэж буй бөгөөд ингэснээр 2016 оны Боловсролын багц хуулиар олгосон эрх мэдлээ хэрэгжүүлэх боломж бүрэн нээгдэх гэнэ. Үнэндээ хууль, эрх зүйн орчин талаасаа БМИҮЗ-ийн чиг үүрэг, статус өнөөг хүртэл тодорхойгүй явж иржээ. Гэхдээ 2015 онд БСШУ-ы сайдын 147 дугаар тушаалаар баталсан олон улсад магадлан итгэмжлэгдэх долоо, дотоодод магадлан итгэмжлэгдэх 20 хөтөлбөр дээр тэд амжилттай ажиллаж байгаа аж.
Одоогоор дотоодод магадлан итгэмжлэгдэх 18 хөтөлбөрт шинжээчид дүгнэлтээ гаргаад, эцэслэн шийдэх комисст хүргүүлжээ. Харин АШУҮИС-ийн ерөнхий мэргэжлийн анагаах ухаан, МУИС-ийн программ хангамж болон мэдээллийн технологи, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн геодезийн сургалтын хөтөлбөрийг тус тус олон улсад магадлан итгэмжлүүлсэн байна.
“Анх сайдын тушаал гарахдаа МУИС-ийн программ хангамжийн хөтөлбөрийг ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлэх байсан. Харин бид төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, программ хангамж болон мэдээллийн технологи гэсэн хоёр хөтөлбөрөө батламжлуулсан. Ингэснээр монгол оюутнууд Европын орнуудад, тэндхийн оюутнууд манайд ирж суралцах боломжтой болж байгаа юм. Оюутнууд хаана ч шилжиж очоод сурсан сургалтын хөтөлбөрийн чанар, агуулга зөрөхгүй, кредит цагийн зөрүү гарахгүй байх нь их чухал. Тиймээс манай сургуулийн программ хангамж болон мэдээллийн технологийн хөтөлбөрийг судалж байгаа оюутнуудад маш том боломж, гарц нээгдэж байгаа хэрэг. Төгсөгчдийн диплом дээр “Магадлан итгэмжлэгдсэн” гэдэг тэмдэглэгээ хийж өгснөөр Европын аль ч оронд хүлээн зөвшөөрөгдөх юм” хэмээн тэнхимийн эрхлэгч Н.Оюун-Эрдэнэ ярилаа.
“Microsoft”, “Google”, “Yahoo”, “Facebook” гэх мэт дэлхийн цахим ертөнцийн толгой компанид төгсөгчид нь ажилладаг, Орос, Герман, Өмнөд Солонгос, Япон, Итали, Тайвань зэрэг оронд эрдмийн зэрэг хамгаалсан багш нартай учраас олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхэд дөхөм байсан гэнэ. Хамгийн гол нь БМИҮЗ-ийн шаардлагын дагуу дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орохдоо бэлтгэсэн баримт бичиг нь ASIIN байгууллагынхаас гурав дахин их байсныг тэрбээр мөн сонирхуулав. Энэ нь Монголын магадлан итгэмжлэлийн шалгуур хэр зэрэг чанга хатуу байгаагийн илрэл гэв.
ASIIN байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу сургуулиуд олон ажил хийж буй бөгөөд бусад нь ч тэднээс дам суралцан, үйл ажиллагаагаа сайжруулахад анхаарч байгаа аж. Энэ ажил булган сүүлтэй байж, дараа дараагийн сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдаж, монгол залуус дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг эх орондоо хүртэх цаг наашлаасай билээ.