Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Тэд монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлийн танилцуулснаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн өмнөх даргын тогтоолоор “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээж эхэлсэн нь хоёр жилийн хугацаанд үргэлжилж дууссан байна.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номыг бүтээхэд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн одоогийн гишүүд мөн оролцсон. Нийт 20 гаруй эрдэмтнээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж, хэл шинжлэлийн академич, шинжлэх ухааны докторууд хувь нэмрээ оруулжээ. Монгол Улс нь 1983 оноос хойш Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрмийн толь”, 18 мянган үгтэй толь бичгийг хэрэглэж хэвшсэн юм.
Харин Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гарч буй Монгол хэлний зөв бичих дүрмийн толь” номд 37486 үг орсон бөгөөд 6000 орчим гадаад үгсээс шигшиж 1000 гадаад үгийг номонд оруулжээ. Энэ номыг хэвлэх, эсэх асуудлыг хэлэлцэхээр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн өчигдөр анхны хуралдаанаа хийж, Монгол хэлний тухай хуульд зааснаар хэвлэх шийдвэрт хүрсэн байна.
Мөн ном хэвлэгдэн гарснаар 1941 оноос хойш гарч байгаа монгол хэлтэй холбоотой маргааныг нэг тийш шийдэх талаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм. Номыг монгол хэл, уран зохиолын хичээл заадаг 9600 гаруй багш болон төрийн албан хаагчдад зургадугаар сарын 15-ны дотор үнэгүй тарааж өгөх юм байна.
Уулзалтын үеэр монгол бичигт шилжих асуудал, үүнтэй холбоотойгоор монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудлыг дэлгэрэнгүй ярилцав.
Монгол хэлний тухай хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ-д ажиллаж байгаа гишүүд: