Монгол бөхийн түүхэнд тодорсон үе үеийн Аваргуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өнгөрсөн ням гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэхүү барилдаанд Н.Батсуурь арслан долоо давж түрүүллээ. Бөхийн холбооны маргаанаас болж өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн барилдаан цуцлагдсан ч ийнхүү албан ёсоор барилдаан зохион байгуулсан нь үзэгч олны талархлыг хүлээсэн юм.
Жил бүрийн тавдугаар сард МҮБХ-ноос энэхүү барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын заан Б.Соронзонболд, Улсын харцага Б.Бат-Өлзий, Х.Гантулга нарын 128 хүчит бөх барилдсан юм. Ийнхүү хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүүнд улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Бат-Өлзий нар барилдсан. Харин шөвгийн дөрөвт улсын начин Б.Чимэдвандан шалгарсан юм.
Энэхүү барилдааны үеэр найман азтай үзэгчийг шалгаруулж, 1 хүн 500,000 төгрөг, 2 хүн 250,000 төгрөг, 5 хүн 100,000 төгрөгийн шагналын эздээр тодорлоо.