Тамирчны амжилт залуу насных. Эх орныхоо нэрийг олимп, дэлхийн дэвжээнд дуурсгахын төлөө галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй, залуу насны аагаар цахилж, алдар үндийн титмийг зүүж явахад нь элдвээр магтан, өнгөтэй, өөдтэйгөөрөөшагнаж, урамшуулчихаад амьдралын эрхээр бяр, тэнхээ нь харин, ахмад тамирчин болохоор нь мартдаг, амжилт, бүтээлийг нь тэр бүр дурсалгүй умартдаг гэмтэй, бид. 1990-ээд онд Монголын самбочдын нэрийг дэлхийд тахалж, зах зээлийн ороо бусгаа үед спортдоо үнэнч үлдсэн хуруу дарам бөхийн нэг нь насанд хүрэгчдийн ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл медальтай, Гавьяат тамирчин Очирбатын Цогтгэрэл юм.
Залуучуудын дэлхийн аварга болсных нь 30 жилийн ой энэ онд тохиож буй тэрбээр Азийн АШТ-ээс алт, мөнгө, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Монголын бүх ард түмний спартакиадаас хошой мөнгөн медальтай, улсын зургаан удаагийн аварга. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, самбо бөхийн спортоос мэндэлсэн Монголын 18 дахь дэлхийн аварга энэ эрхмийг “Таван цагариг”-ийн зочны хойморт урьж, ярилцлаа. Гавьяат ярилцлагаөгснийхөө дараа “Бодоод байх нь ээ би ер нь баахан дэмий юм ярьчих шиг боллоо. Надаас мундаг тамирчид чимээгүй, даруухан амьдарч байхад би ёс алдах вий. Ер нь ярилцлага өгөөгүй гээд бодчихоорой, дэмий юм биш үү” гэж “үнэрхсэн”. Тэр ийм л даруухан, “Би” гэж онгирч, сагсууралгүй амьдарч яваа нэгэн юм.
НУТГИЙН МИНЬ ШАРГАЛ ЭЛС МИНИЙ АНХНЫ ДЭВЖЭЭ
-Та босоо барилдаанаас өрсөлдөгчдөө тун цөөхөн удаа оноо алдсан хүчтэн. Хөдөө малын захад өсөж, багадаа тэшүүрээр хичээллэдэг байсантай чинь холбоотой юу?
-Тийм шүү. Би ч ёстой говийн хүн дээ. Багадаа өвөө, эмээгийнхээ гарын үзүүрт туслан, хурга, ишиг хариулан, эмнэг хангал сургаж хөдөө өссөн. Зун Завхан голдоо шумбана, хүйтрэхээр мөсөн дээр нь гулгана. Хөдөөний ажил мундах биш. Хүчний голдуу ажил хийдэг байсан маань бие хаа задарч, бөхийн спортоор хичээллэхэд төдийгүй өнөөгийн амжилтад хүрэхэд их нөлөөлсөн. Хамгийн наад зах нь хурдан морь унахад хүүхдийн авхаалж самбаа, аливаа зүйлийг зөв төлөвлөж сурахад хэчнээн тустай гэж санана. Аав спортод их хорхойтой, олныг хичээллэхийг уриалдаг, үлгэрлэдэг, сумандаа тэмцээн зохиодог хүн байсан.
Гимнастикаар хичээллэнэ, өглөө бүр гүйнэ. Намайг бага байхад тэшүүр худалдан авч өгөн, хичээллүүлсэн юм. Тэр бүхэн спорттой амьдралаа холбож, тамирчин болохын маань эхлэл байж. Завхан голын мөсөн дээр өглөөнөөс орой хүртэл гулгана. Тэр хэрээр тэнцвэр сайтай, тэсвэр хатуужилтай болсон. Хожим босоо барилдаанд гайгүй болсон маань үүний л үр өгөөж. Нөгөө талаар элсэн манхан дунд тонгочиж өссөний буян бий. Говь нутаг элсэрхэг, зөөлөн хөрстэй тул барилдаж ханамгүй. Нутгийн минь алтан шаргал элс миний анхны дэвжээ. Үсэнд зүү орох зайгүй шахам элс шигчихсэн, хуяг дуулгатай юм шиг л амьтан гэртээ харьдаг байлаа. Зургадугаар анги төгссөн жил манайх аймгийн төв (Улиастай хот) рүү шилжив.
Тэр жилийн намар буюу 14 настайдаа аймгийн хурц арслан С.Юнрэн багшаар бөхийн спорт заалгасан. Багш минь Завхан аймгийн нэлээд хэдэн үеийн хүчтэнийг бэлтгэсэн, амжилтад хүргэсэн гавьяатай. Хөөрхий минь, хэдэн жилийн өмнө бурхан болсон. Анхандаа аль нэг төрлийг онцлон хичээллээгүй. Бөхийн цөөнгүй төрлөөр бэлтгэл хийн, тэмцээнд оролцдог байлаа. Ерөнхий боловсролын сургууль төгстөл тэгж барилдсан шүү. Одоо бодох нь ээ, чөлөөт, самбо бөхийн бэлтгэл арай түлхүү хийдэг байсан юм уу даа. Сурагч байхдаа самбо бөхөөр баруун бүсээс нэг удаа шалгаран, УАШТ-д өрсөлдсөн. Тэгэхдээ өрсөлдөгчдөө яаж унаснаа ч мэдэж амжаагүй шахам хоёр ялагдан, тэмцээнээ дуусгаж билээ (инээв).
-Ерөнхий боловсролын сургууль төгссөнийхөө дараа ОХУ-д сурах хуваарь авсан юм билээ. Эрдэм номын мөр хөөх, тамирчин болох чухал сонголтын өмнө эргэлзсэн үү?
-Уг нь хойд хөршид засварчин мэргэжлээр сурахаар аавтай хамт хотод ирчихсэн байлаа. Айлын ууган хүүхэд тул гадаадад сургах санаа аав, ээж хоёрт их байв. Бөхийн спортод сэтгэл хоргодоод болдоггүй ээ. Эмээж байгаад аавд хэлтэл ашгүй дэмжсэн. Бөх болох бөөн хообийтой амьтан эгчийндээ байхаар Улаанбаатар хотод үлдсэн. Тэгээд Гавьяат дасгалжуулагч Х.Намшир багшийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн дээ. Гэрээсээ хол, өдөр бүр ачаалалтай бэлтгэл хийнэ. Шантармаар үе гарахын алийг тэр гэх вэ. Тамирчин болох үнэнхүү хүсэлтэй, спортод хорхойтойгийнхоо хүчээр хүнд үеийн ард гарсан. 18 настай хүүхэд хотын соёлд дасахад амар байгаагүй ээ. Амьдрахын эрхэнд эсгий гутал хийх сургалтад суун, үйлдвэрт нь нормчиноор ажиллах болсон. Усны гутал, өмднөөс өөр хувцасгүй, нүцгэн ажилладаг байв.
Ажлын хүнд, ачаалал ихтэй байсантай ярих юм биш. Өглөөний 08.00-аас орой 17.00 цаг хүртэл ажиллахад хөл дээрээ гуйвах шахам ядардаг байлаа. Үйлдвэр комбинатаас “Хөдөлмөр” нийгэмлэгийн спортын танхим 500 метрийн зайтай. Ажил дуусангуут танхим руу гүйн, хөлс хатаагүй байхад бэлтгэлээ хийдэг байсан сан. Хоёр цаг барилдчихаад, Долоон буудалд амьдардаг эгчийнх рүүгээ явдаг байлаа. Заримдаа шөнийн ээлжинд гарна. Тийм үед 17.00 цагаас шөнийн 01.00 цаг хүртэл ажиллан, гэртээ харих гэсээр байтал хоёр юм уу, гурван цаг өлхөн болно. Хэдхэн цаг амарчихаад өглөө 08.00 цагийн бэлтгэлд бэлэн зогсдог байлаа. Өдөр бүхэн тийм маршрутаар бэлтгэл, ажлаа зохицуулна. Өнөөдөр ажил ихтэй байна, ядарлаа гээд бэлтгэлээ хойшлуулах, амжилт чухал гээд ажлаас чөлөө авах эрх байгаагүй. Бүх зүйл нарийн төлөвлөгөөтэй тул бүхнээ дайчилж, хичээхээс өөр аргагүй байв.
АНХНЫ МЕДАЛИА Х.БАЯНМӨНХ АВАРГААС ХҮРТСЭНДЭЭ БЭЛГЭШЭЭДЭГ
-Самбо, чөлөөт бөхийн бэлтгэл хэчнээн хүнд билээ. Бэлтгэлийнхээ хажуугаар тийм ачаалалтай ажил хийн, тэмцээнд оролцоно, амжилт гаргана гээд төсөөлөхөд бэрх. Гэрээсээ хол амьдарч байсан 18 настай хүүд хэр хүнд ачаа байв?
-Одоо бодоход өөрийгөө гайхдаг юм, тэр бүхнийг яаж амжуулдаг байсан юм бол. Залуу насны аагаар л тэр үеийг давсан болов уу. Ер нь 18-25 бол ямар ч ачааллыг давдаг, ядардаггүй, цуцдаггүй нас л даа. Хүн хүнд хүчир зүйлтэй нүүр тулгарах тусмаа улам хатуужин, өөрийгөө шахдаг юм билээ. Үйлдвэрт ажиллаж байхдаа би амжилтын гараагаа эхэлсэн, улсын аварга болсон. Хоёр жил гаруй тэгж амьдарсан шүү.
Ачаалал даах, тэсвэр тэвчээр суух, хэр баргийн зүйлд шантрахгүй, эхэлснээ заавал дуусгаж сурахад үйлдвэрт ажиллангаа бэлтгэл хийдэг байсан үеийн хүмүүжил их нөлөөлсөн. Би эхэндээ 48 кг-ын жинд барилддаг байв. Жиндээ орохын тулд 6-8 кг хасна. Хүн сэтгэлийн амьтан. Би их ядарч байна, жин их хасаад бүр туйлдчихлаа гэж бодвол амжилтад хүрэхгүй. Тиймээс аль болох элдэв юм бодохгүй, чадна, болно гээд л зүтгэсэн.
-Чөлөөт бус, самбогоор тууштай хичээллэхэд юу нөлөөлөв?
-“Миний хүү босоо барилдаанд чадмаг, зосголт сайтай. Тийм болохоор барьцтай барилдаан илүү тохирно” гэж Намшир багш надад зөвлөсний дагуу самбог сонгосон.
-21 насандаа буюу 1988 онд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан, залуучуудын дэлхийн аварга болсон юм билээ. Самбогоор тууштай хичээллэвэл дэлхийн хэмжээний бөх болно гэх итгэлийн эхлэл тэр тэмцээн байв уу?
-Дээхнэ үед медаль нүдний гэм. Би ерөнхий боловсролын сургууль төгстөлөө амжилт гаргаж чадаагүй. 1986 оны нэгдүгээр сард болсон чөлөөт бөхийн тэмцээнд түрүүлж, амжилтын салхиа хагалж билээ. Анхны медаль маань алт байсанд, түүнийгээ Х.Баянмөнх аваргаас хүртсэндээ их бэлгэшээж явдаг. Тэгэхэд бөхийн спортоор тууштай хичээллэвэл амжилтад хүрэх юм байна гэсэн итгэл төрсөн.
1986 онд УАШТ-ээс анхны медалиа (хүрэл) хүртэв. Баруун гар талаас эхнийх нь О.Цогтгэрэл
1988 онд надад их ээлтэй байж би насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, УАШТ-д түрүүлж, үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Тэр жил залуучуудын ДАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэхдээ магнайгаа хагартал баярлаж билээ. Өөртөө ч итгээгүй, зүүдэлж байгаа юм шиг л санагдсан. Том давааны ард гаран, гүнзгий амьсгаа аваад эх орондоо ирсэн. Тэгэхэд насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлснээс илүү баярласан. Гаргасан амжилтуудаас маань хамгийн дурсамжтай, сэтгэлд тод үлдсэн тэмцээн тэр байна.
-1990-ээд оны зах зээлийн шуурганд олон шилдэг тамирчин спортоо орхисон. Танд ер нь өөр салбарт хүч сорих бодол төрсөн үү, эсвэл?
-Ээ, дээ мөн ч хэцүү байсан шүү. Спортоор тууштай хичээллэх, наймаа эрхлэх гэсэн хоёр том сонголтын өмнө нүүр тулсан, спортынхон. Би ч бас яах вэ гэж бодсон. Тухайн үед би үндэсний шигшээ багийн тамирчин, Биеийн тамирын дээд сургуулийн оюутан байлаа. Хоёрын хоёр зүйлд уяатай байгаа хүн наймаа эрхлээд явж зүрхлээгүй. Үүний сацуу улсаа төлөөлөн дэлхийд өрсөлддөг нэр хүндээ бодон, олон жил самбогоор хичээллэсний үр шимийг хүртье гэж зориод спортдоо үнэнч үлдсэн дээ.
-Тэгж үлдсэнийхээ үр шимийг та 1993 онд хүртэн, дэлхийн аварга болсон. Та алтан медалийн төлөөх барилдаанд өмнөх жил нь ДАШТ-д түрүүлсэн, эзэн орны бөхтэй барилдсан. Нутгийнх нь дэвжээнд, тэгээд бүр тэмцээн болсон хотын унаган бөхтэй өрсөлдөхдөө шүүлтийн ямар нэгэн луйвар орох вий гэж эмээсэн үү?
-Тэр жил УАШТ, Монголд болсон Азийн АШТ, “Азийн од” тэмцээнд түрүүлэн, бэлтгэл сайтай, өөртөө тун итгэлтэй байлаа. ДАШТ-д 1988, 1990 онд хоёр удаа зодоглохдоо хоёулангаас нь хүрэл медаль хүртэн, нэлээд туршлага хуримтлуулаад байсан юм. 1993 онд Монголоос өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд 30 гаруй тамирчин дэлхийн дэвжээнд өрсөлдлөө.
Насанд хүрэгчдийн ангилалд эхний өдөр зодоглосон таван тамирчнаас ганцхан бөх хүрэл медаль хүртэн, бид нэлээд хүнд байдалд орсон. Тэмцээний сүүлчийн өдөр би барилдав. 52 кг-д 15 тамирчин зодоглосон. Сугалаа таттал өнөөх Оросын бөх нөгөө хэсэгт багтчихлаа. Би нэгдүгээр тойрогт Болгарын бөхийг гурван удаа торгуулаад цэвэр ялав. Тэгж ялна гэдэг өнгөтэй, ер нь гайгүй байна гэсэн үг л дээ. Дараагийн даваануудад Итали, Украин, Армены тамирчныг ялаад шигшээд шалгарсан. Тэгэхэд надаас гадна Монголын хоёр бөх аваргын төлөө барилдсан. Хамгийн хөнгөн жинд өрсөлддөг тул би түрүүлж хүч сорилоо.
Тэр жилийн ДАШТ ОХУ-ын Владивосток хотод болсон. Өнөөх орос тамирчин Владивосток хотынх. Нутгийнхан нь түүнийг хошой аварга болно гээд автомашин бэлэглэхээр төлөвлөн, авчирчихсан байсан юм билээ. Бид хоёрын барилдааныг гурван орос шүүгч шүүхэд намайг торгуулиар ялах бодолтойг нь ойлгосон. Барилдааны эхний хоёр минутад намайг торгодог юм байна. Байдал бишидлээ. Дахиад ганцхан торгуулбал цэвэр ялагдана. Хамаг байдгаа шавхан, оноогоор илүүрхэх, торгуулах гэж зүтгээд чадахгүй байв. Бүр барилдаан дуусахад 30-хан секунд үлдлээ.
-Та үүрэх мэхээр хоёр оноо авч, ялсан. Барилдааны өмнө түүнд хийхээр төлөвлөсөн байв уу. Эсвэл барилдааны явцад гэнэт үүрэхээр шийдсэн үү?
-Би бэлтгэл дээр үүрэх мэхийг тогтмол давтдаг байсан ч тэмцээний үеэр хийж ер үзээгүй байсан. Барилдааны явцад гэнэт үүрэхээр шийдсэн. Өрсөлдөгчөөсөө хоёр оноо аван, босоод ирэх нь ээ барилдаан дуусахад 10 секунд үлдсэн байв. Дэлхийн аварга болоход тийм богино хугацаа үлдсэн байхад гүрийгээд хамгаалалгүй яах вэ. Хазаж, хайраад ч болтугай тэсэж үлдэх хэрэгтэй л дээ.
ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртэн, дэлхийн дэвжээнд түрүүлэхэд сайхан байсаан. Олон жил уйгагүй хөдөлмөрлөн, зах зээлийн хүнд үед спортдоо үнэнч үлдсэнийхээ үр өгөөжийг тэгэхэд хүртсэн. Аливаа зүйлд үнэнчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэн, уйгагүй хичээвэл амжилтад хүрдгийг ухаарсан. Монголоос самбо бөхийн спортоор 37 бөх дэлхийн аварга болсны 18 дахь нь би.
ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛОХ БОЛОМЖ БАЙСАН Ч...
-Дэлхийн хошой аварга болох боломж танд байсан нь мэдээж. Дараа жил нь дэлхийн найман удаагийн аварга, Азербайжаны Ч.Мамедовт дийлдсэн. Түүнд өмнө нь гурван удаа ялагдаад байсан тул барилдаанаа нэлээд дүгнэж, төлөвлөсөн байх. Аргалах боломж хэр байсан бол?
-Би түүнд 1988, 1989, 1990 онд гурван жил дараалан ялагдаад байв. Тэглээ гээд Ч.Мамедовоос юу гэж эмээх вэ, дийлнэ гээд л өрсөлдсөн. Барилдааны цаг дуусахад нэг минут хүрэхгүй шахам хугацаа үлдчихсэн, оноо 3:2, би ялагдаж байв. Хий гаргалгүй, нягт барилдаж байгаад түүнийг даралтад орууллаа. Азербайжанчууд нутгийнх нь бөх дийлдлээ гээд барайчихсан, Ч.Мамедов биеэ суллан, ялагдалтайгаа эвлэрчихсэн бололтой байв. 10-аад секунд дарж байтал тэрбээр гэнэт орилоод даралтаас гарчихдаг байгаа.
Тэгээд л бүх зүйл салхинд хийссэн. Баараггүй дарчихлаа гээд хэтэрхий эрт тайвширсан нь миний буруу. Уг нь түүнийг л ялчихсан бол дэлхийн хошой аварга болох боломж байлаа. Даанч ашиглаж чадаагүй.
-Одоо дасгалжуулагч болох, залгамж халаагаа бэлтгэх бодол бий юү?
-Нутгийнхаа бөхчүүдийг дэмжихийн тулд “Завханчуудын спортын холбоо” төрийн бус байгууллагыг 2007 онд байгуулсан. Холбоогоороо дамжуулан хот, хөдөө орон нутгийн тамирчдыг холбоод амьдаръя л гэж бодож байна. Түүнээс биш дасгалжуулагч болох бодол байхгүй ээ, нэлээд төсөөрсөн.