БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд А/195 тоот тушаал гаргаж, 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480, коллеж болон орон нутгийн их, дээд сургуульд 400 байхаар тогтоосон. Энэ шийдвэрээс болоод Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн их, дээд сургуулиудын удирдлага боож үхэхээс наагуур тэвдээд эхэлж. Босго оноог 400-гаас 480 болгож “огцом” нэмснээр ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дээд боловсрол эзэмших боломжийг зориудаар хязгаарлаж, олон зуун залуу ажилгүйчүүдийн эгнээнд шилжих эрсдэлтэй гэж тэд үзжээ.
Ингэж матрын нулимс унагалаа гээд “Ард түмний хүүхдэд үнэхээр хайртай учраас бүгдэд нь чанартай дээд боловсрол эзэмшүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаа юм байна” гэж итгэх хүн хэр олон бол. Их, дээд сургуулиуд оюутнуудаа Монголын ирээдүйн хөгжлийг түүчээлэх боловсон хүчин гэдэг талаас нь харж, эх орондоо хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байсан сан бол төгсөгчдийнх нь 30 гаруй хувь нь л ажлын байраар хангагддаг гэсэн статистикаар амаа үдүүлээд сууж байх уу. Ялангуяа монгол залуусыг сургалтын төлбөр төлөгч “мөнгөний хүүдий” гэж хардаг хувийн их, дээд сургуулийнханд нэг л зүйл хэлье. “Та нар битгий давар”.
Зуднаар нохой зоолдог шиг сүүлийн 30-аад жил Монголын боловсролын салбарыг хэн дуртай нь очиж “самарсаар” эзэнгүйдэж гээгдсэн ханхай орон зайн дээр хангалттай тоглолт хийсэн чинь багадаа юү. Цагийн сайханд их, дээд сургуулийн босгоор алхах нь тэнгэрийн умдаг атгасантай адил азтай, нэр хүндтэйд тооцогддог байсан бол одоо элсэгчид ихээ гэдийж, дээд боловсролын байгууллагууд доор бөхийдөг болсон нь маргашгүй үнэн. Их, дээд сургуульд элсэж орохын тулд шөнө, өдөргүй сууж хичээл давтдаг сурагч ч одоо ховор болсон. Зуун ямаанд жаран ухна гэгчээр нэг үе Монголд 200-гаад их, дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байсан бол өдгөө энэ тоо 96 болж буурсан. Тэдгээрээс 75 нь төрийн бус өмчийнх бөгөөд хувийн их, дээд сургуулиудад нийт оюутны 42 хувь (2017- 2018 оны хичээлийн жилд 155 248 оюутан суралцаж буй) буюу 65 628 нь суралцдаг.
Үе үеийн сайд нар элсэгчдийн босго оноог бууруулсаар бууруулсаар 400 болгоод зогсохгүй, оюутан элсүүлэх квотыг их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөс өөрсдөө тогтоох эрхийг нь өгснөөр аль болох олон элсэгч авахын тулд “Ямар ч хамаагүй нэг хичээлээр 400 оноо л аваад ир” гэж найр тавьдаг завхрал бий болчихсон. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд 200 гаруйхан оноо авсан хүүхдийг хүртэл хувийн сургуулиуд урьж залаад оруулдаг, бүтэн жилийн сургалтын төлбөрийг нь халаасалсан хойноо нэгдүгээр курс төгсөхөд нь дахин бэлдүүлээд “400 онооны босго”-оор алхуулдаг гаж жишиг ч газар авав.
Энд ч анагаахын сургуулиуд хаа хамаагүй цахилгааны инженер, бага ангийн багш мэргэжлээр элсэлт авч, тэнд ч хуулийн сургуулийнхан сэтгүүлч, барилгын инженер бэлтгэж, уул уурхайн инженер, техникчид бэлтгэх зорилгоор байгуулагдсан хэрнээ нягтлан бодогч, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтнуудыг “үйлдвэрлэж” болдог эмх замбараагүй цаг үед бид амьдарч байна. Англиар галигласан ч, монгол бичгээр ч бичсэн улсын ууган их сургуулийнхтай андуурч, төөрөлдөхүйц брэнд нэрийг их хэмжээний мөнгөөр үнэ “цохин” худалдаж авчихаад хөдөөгийнхний толгойг эргүүлдэг, УИХ-ын гишүүд, Байнгын хорооны даргаар нь мундагдуулан “Тэр тэр сургуулийг оролдож болохгүй шүү” хэмээн салбарын сайдыг нь шахаж хавчдаг ороо бусгаа нийгэмд аж төрж байна, монголчууд.
Энэ салбарт олон жил ажилласан, харсаар байгаад дээд боловсролоор арай ч ингэж тоглуулж болохгүйг эрхбиш мэдэх хүмүүс нь их, дээд сургуульд элсэгчдийн анхан шатны шалгуур болох босго оноог 450 байх нь тохиромжтой гэдэг санал оруулсныг сайдын түвшинд хэлэлцээд, Улаанбаатар хотынхыг 480 болгосон. Монгол Улсын ирээдүйг тодорхойлох тэргүүлэх чиглэлийн чадварлаг мэргэжилтэй залуусыг бэлтгэх, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боловсон хүчнийг нэмэгдүүлэх, дипломтой ажилгүйчүүдийг цөөлөх зорилгоор босго оноог ийнхүү ялгаатай тогтоож өгсөн хэрэг.
Гэтэл “Босго оноог нэмсэн нь хувийн их, дээд сургуулиудын элсэлт огцом буурч, олонх нь хаагдахад хүрнэ. Ингэснээр олон багш, ажилчин ажилгүй болж, барилга байгууламж, тоног төхөөрөмжүүд үнэгүйднэ. Тиймээс өөрийн гэсэн онцлогтой, чанартай сургалт явуулдаг хувийн их, дээд сургуулиудын босго оноог 410 болгох саналтай байна... Эсвэл өмч харгалзахгүй босго оноог нэмэх гэж байгаа бол хувийн их, дээд сургуулиудад улсынхтай адил хувьсах зардал өгөхийг шаардаж байна” хэмээн нэр бүхий 31 их, дээд сургуулийн удирдлага илт эсэргүүцэж, эрслэн босоход бэлэн байгаа бололтой юм. Улс тэднийг гуйж ажиллуулаагүй байхад мөн их юмаараа айлгав аа. Ерөнхий боловсролын сургууль хүрэлцээгүй шиг төрийн нуруун дээрх ачаанаас үүрэлцдэг гэж өөрсдийгөө ойлгосон юм биш байгаа даа.
Тийм ээ, хувийн их, дээд сургуулиуд өөрсдийн гэсэн “онцлогтой” сургалт явуулдаг. Үндсэн багшийн цалин гэж илүү зардал гаргахгүйн тулд “явуулын багш” нараар хичээл заалгадаг, ширүүхэн дуугарвал үргээд явчихна гэж эмээхдээ оюутнууддаа шаардлага тавилгүй “толгойг нь илдэг”, их, дээд сургуулийн гол ажил болох сургалт-эрдэм шинжилгээний хөтөлбөр агуулгадаа ч анхаарахгүй, спорт-урлагийн элдэв арга хэмжээ гэх мэт хөнгөн зугаагаар залуусын сэтгэлийг хуурдаг. Ингэхэд одоо үйл ажиллагаа явуулж буй
75 их, дээд сургуулийн тал нь элсэгчгүй болоод үүдээ барилаа гэхэд тийм ч олон багш “гудамжинд гарч”, ажилгүйчүүдийн эгнээг тэгтлээ тэлэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС-аас тэтгэвэртээ гарсан багш нар хүний нөөцийнх нь дийлэнхийг бүрдүүлдэг учраас өглөө нь Гандангийн тэнд, үдээс хойш “Шар хад”-ны наанатайх сургуульд, маргааш нь хотын баруун захад гэх мэтээр “нүүдэллэж” ажилладаг нь хэнд ч нууц биш. Иймэрхүү цагийн багш нарт оюутнуудын бие даалтыг шалгаж, шахах, “Оюун тархинд нь ямар хэрэгтэй юм хийгээд өгчих вэ” гэж сургалтын хөтөлбөр, агуулгадаа анхаарах цаг зав гарахгүй нь ойлгомжтой.
“Төлбөрөө л төлчих юм бол та хичээлд заавал суух албагүй. Ажлынхаа заваар хааяа ирж үзэгдэж байгаад, шалгалтаа өгчихөж болно. Шалгалтад унасан ч аргалаад, дипломоо авч дөнгөнө өө. Хүсвэл 2.5 жилийн сургалтын хөтөлбөрийг шахаад нэг жилд үзсэн ч болно” хэмээн нэгэн их сургуульд багшилдаг дүү минь ноднинжингоо намайг гуйж билээ. Үнэндээ Монголын өнөөгийн хувийн их, дээд сургуулиудын үнэн дүр төрх ийм л байгаа. Тийм байж улсын сургуулиудтай адилхан хувьсах зардал авахыг шаардах нь бүр ч даварсан хэрэг бус уу. Тэгэх тусам нь төр төмөр нүүрээ үзүүлж, сайд гаргасан шийдвэртээ бат зогсох учиртай шүү.
Орон нутгийн сургуулиуд, МСҮТ, политехник коллежуудтай барьцан, босго оноогоо 410 болгууллаа гэхэд ийм ёс суртахуунтай, ийм зарчмаар ажилдаа ханддаг тэдний “гараас” ямар боловсон хүчин бэлтгэгдэж гарах нь тун эргэлзээтэй. Төр, засгийн харалган бодлогын улмаас ердөө 2015 оноос өмнө 15 мянга орчим оюутан суралцдаг байсан Дархан-Уул аймагт л гэхэд өдгөө бүх их, дээд сургуулийнх нь суралцагчийн тоо нийлээд 6000-д хүрэхээ байжээ.
Угтаа тэнд Улаанбаатар дахь хувийн зарим сургуулиас ч илүү сургалтын орчин нөхцөл, тоног төхөөрөмж сайтай, үндсэн багш нар нь мэргэжлийн хичээлүүдээ чанартай сайн заадаг учраас манай урдаа барьдаг томоохон аж ахуйн нэгжүүд инженер, техникийн ажилтнаа зориуд захиж бэлтгүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, үнэндээ та бүхний үхэл алдаад байгаа шиг тийм ч олон хүүхэд Улаанбаатарын их, дээд сургуульд элсэх боломжийн гадуур үлдэхгүй юм билээ шүү дээ. Статистик мэдээллээр бол өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн 38 369 хүүхдээс 5654 нь л 450-иас доош оноо авчээ. Өмнөх жилүүдэд нь үүнээс ч бага хүүхэд 450- иас доош оноо авсан байна билээ. Эндээс үзэхэд, 480-ын босго оноо ч үнэндээ юу юм бэ гэж хэлэхээр байгаа юм.
Хэдийгээр манай боловсролын салбар шат шатандаа хөл, толгойгоо алдан завхарсан ч монгол хүүхдүүдийн оюун ухаан дагаад уруудан баларчихаагүй байгаад нь баярламаар. Ийм байтал “Хөдөөгийн хөгжлийг дэмжинэ, мэргэжлийн боловсролыг шинэ шатанд гаргана” гэсэн төр, засгийнхаа бодлогыг та бүхэн ойлгоод, орон нутгийн сургуулиуд, МСҮТ, политехник коллежуудад үлдэж буй 5600 гаруйхан хүүхдийг булаалдах ямар хэрэг байгаа юм бэ. Тэгж л их хүмүүсийг дээд боловсролтой болгох чинхүү хүсэл зорилготой юм бол амьдралын боломж нөхцөл тааруугаасаа болоод элсэлтийн ерөнхий шалгалтад 700 оноо авсан хэрнээ арга буюу мөрөөдлөө орхин, нутагтаа өөр мэргэжлээр сурахаас өөр сонголтгүй болсон хүүхдүүдийг анхааралдаа аваач.