“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ долоо хоногийн турш болох гэж буйтай холбогдуулан БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Мэдээллийн эхэнд инновацийн талаарх ойлголтыг уншигчдад өгөх нь зүйтэй болов уу. Инновац бидний амьдралд яагаад хэрэгтэй юм бэ?
-Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явцыг инновац гэж ойлгож болно. Олон улсад инновацийг бүтээгдэхүүний, үйл явцын, бүтэц, зохион байгуулалтын, маркетингийн, логистикийн инноваци гэж ангилдаг. Монголд инновац хоёр төрлөөр үүсч, хөгжиж байна. Нэгдүгээрт, шинэ санаанд судалгаа боловсруулалт, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийгдсэний дараа оюуны өмчид бүртгүүлж, бүтээгдэхүүн гаргаж, зах зээлд нийлүүлэх замаар хөгжиж байна. Хоёрдугаарт, оюуны өмч, патентгүйгээр инновац өөрөө бий болж байна.
Инновацийн үйл ажиллагаа өргөтгөн хөгжсөнөөр инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, чанар хүртээмжийг нь дээшлүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүргэхэд инновацийн үйл ажиллагааг чиглүүлж, ая тухтай амьдрах боломжийг нь сайжруулах гээд олон талын ач холбогдолтой гэж үзэж байна.
-“Монголын инновацийн 7 хоног-2018” арга хэмжээ энэ долоо хоногийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн долоо хоногийн онцлох арга хэмжээний талаар мэдээлэл өгөхгүй юү?
-“Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээ 2015 оноос олон улсын туршлага, дэлхий нийтийн жишгийн дагуу инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, түншлэл, төр, хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Энэ жилийн арга хэмжээг БСШУСЯ, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, Дархан-Уул аймгийн ЗДТГ, ШУТСан, ШУА, МҮХАҮТ, ШУТИС, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МТҮП, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын инновацийн холбоо ТББ, Гарааны бизнесийг дэмжих байгууллагууд- “Start Up Mongolia” ТББ, “Work Central” ХХК, “Start Up Marketing space” ХХК, “What3words” зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн “Монголын Инновацийн 7 хоног”-ийн гол онцлог нь Дархан-Уул аймагт “ХАА-н технологи, инноваци 2018” форум, үзэсгэлэнг гаргаж буйгаараа онцлог болж байна. Учир нь өмнөх жилүүдэд энэ үзэсгэлэн зөвхөн нийслэлд гардаг байсан. Харин энэ удаад Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааны үр дүн, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд танилцуулах форум, үзэсгэлэнг зохион байгуулах юм. Түүнчлэн гарааны бизнесийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хамтын оффисуудын нэгдсэн чуулга –уулзалтыг энэ сарын 12-нд “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээний хүрээнд анх удаа санаачлан зохион байгуулах гэж байгаагаараа мөн онцлог болж байна. Энэ удаагийн чуулганыг олон улсад амжилттай яваа хамтын оффисуудын үүсгэн байгуулагчид болон Ази Номхон далайн Хамтын оффисуудын холбоотой (CAAP https://www.coworkingasiapacific.com ) хамтран зохион байгуулж байна.
CAAP нь бүсийн хэмжээнд хамтын оффисуудын хамгийн том Unconference-ийг зохион байгуулдаг бөгөөд Co.Mo Unconference 2018-ийг бүсийн хэмжээнд Монголд анх удаа зохион байгуулж байгааг Монголын хамтын оффисуудын дэлхийд гарах, олон улсын хамтын оффисуудын туршлагаас суралцах томоохон боломж гэж бид харж байна.
Чуулганд Тайландын HUBBA Coworking Space-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Amarit Charoenphan, Канадын HUBUD Coworking Space-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Steve Munroe, АНУ -ын Techstars-ийн хѳрѳнгѳ оруулалтын сангийн Ази тив хариуцсан захирал Д.Бат-Октябрь болон Сингапур улсын Workcentral Singapore LTD үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Paul Lee нарын хүндтэй зочид илтгэл тавина.
-Хөтөлбөрөөс харахад “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үе ба Монгол Улсын хөгжлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ихээхэн анхаарал татаж байна. Энэ хурлын талаар товч мэдээлэл өгөөч?
-Шинжлэх ухааны академиас энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна. Монгол Улс зөвхөн уул уурхай, эрдэс баялагаа ашиглан хөгжинө гэж ярихаас илүүтэй мэдлэг оюунаараа хэрхэн хөгжих тухай ярих цаг нь ирээд байна. Дэлхий нийтээр өнөөдөр аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын тухай ярьж байна. Ойрын хугацаанд эрчимтэйгээр үр нөлөөгөө үзүүлэх олон салбарууд бий. Хиймэл оюун ухаан, сансрын технологи, дрон технологи, роботын технологи гэсэн энэ салбаруудыг онцолж болно. Тиймээс уг эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлаар Монгол Улс аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалыг хэрхэн угтан оролцох вэ, яаж хөл нийлүүлэн хөгжих вэ гэхчилэн маш өргөн сэдвийн хүрээнд хэлэлцэх юм.
-Сүүлийн үед залуу эрдэмтэн судлаачид олон боллоо. Инновацийн 7 хоногийн хүрээнд залуучууд руу чиглэсэн ямар арга хэмжээ, ямар ажил зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Best Paper Awards: Master & Doctorate Student’s-2018 магистрант, докторант оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурлыг БСШУСЯ, Монголын Залуу эрдэмтдийн холбоо, ШУТИС болон бусад их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран 3 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь магистрант, докторант оюутны судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, залуу судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхижуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчилан таниулахад оршиж байгаа юм. Магистрант, докторант оюутнууд маань өөрсдийн судалгааны ажлаа танилцуулж, шалгарсан нэг шилдэг магистрант, нэг шилдэг докторантын бүтээлийг өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнаж урамшуулахаас гадна энэ хурлын үйл ажиллагаа нь бүгд англи хэл дээр явагддагаараа онцлог юм.
Мөн Залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээ болно. Нийслэлийн залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ ба оролцогчид 54 цагийн туршид өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлэх, гарааны бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтаа тооцоолж, компаниа байгуулах зэрэг бизнес эрхлэлт, энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авах оюутан, залууст ихээхэн өгөөгжтэй арга хэмжээ болно.