"Хос Уянга" нэгдлийн уран бичээчдийн түүчээ 23-р сургуулийн 12г ангийн сурагч Э.Ханмөрөн анхны бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр Blue Mon арт галерейд нээж байна. Сурагчид нэгдэн нийлж уран бичгийн үзэсгэлэн гаргадаг ч энэ удаагийнх бие даасан үзэсгэлэн гэдгээрээ анхдагч нь юм. Тэрээр энэхүү үзэсгэлэндээ 20 гаруй бүтээлээ дэлгэсэн бөгөөд нээлтийн үеэр хэлэхдээ "Би 8-р ангиасаа эхлэн бичиж эхэлсэн. Уран бичлэг миний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлсэн гэж боддог. Яаж бичвэл ямар харагдах уу гээд дотроо ургуулан бодох надад сонирхолтой байдаг. Үзэсгэлэнд минь онцлох хэд хэдэн бүтээл бий. Энд аавын минь урласан эмээл, толины тусгал адил бичих гэж оролдсон, дөрвөн цагийг бичихдээ зургаар баяжуулсан, дүрс бичлэгээр бичсэн гал, дуртай шүлгийн мөртүүдээ буулгасан гэх мэт бүтээлүүд байна. Сайн мэдэхгүй хүмүүс монгол бичгээр гадаад үсэг бичих боломжгүй гэдэг. Би тэдэнд боломжтой гэдгийг харуулахын тулд өргөн хэрэглэгддэг гадаад үгсийг буулгасан бүтээл ч бий. Улс орны минь оршин тогтнох үндэс болсон монгол бичгээ хэрэглээндээ оруулъя гэж уриалмаар байна" гэв.
(Хэвшмэл бус, юунд ч баригдалгүй сэтгэж бичсэн нь залуу хүүхдийн шинийг эрэлхийлсэн хэв маяг гэлтэй)
Жилийн дөрвөн улирал
Өдөр болгон би
Өвсөн дээр гишгэнэм билээ.
Өнө хожим тэд
Над дээр урганам билээ (Хамгийн наад талын боронзоор бичсэн дөрвөн мөрт бол Д.Нямсүрэнгийн нэргүй шүлэг бөгөөд Ханмөрөнгийн уран бичиж буулгасан хувилбар юм)
Түүний хоёр дүүг Хатангоо, Сэцэнгоо гэдэг. Дүү нарынхаа нэрсийг дүрс бичлэгээр бичсэн байгааг харж байна.