Оюутны хөгжлийн зээлийг өнөөдрөөс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Оюутны хөгжил зээлд 90 тэрбумыг төсөвлөснөөр хүүгүй барьцаагүй болж байна. Зээл нь оюутны суралцах боломжийг бүрдүүлнэ гэсэн зорилтыг үндэслэж Засгийн газрын тогтоол гаргасан. Зээлийн сангийнхан Сангийн яамтай хамтарч, Боловсролын яамны санхүүч нар сайн ажилласны үр дүнд арилжааны банкнаас хамааралгүй, гэр бүлд санхүүгийн дарамт болохгүй зээлийн эрхийг оюутнуудын өмнө нээж өглөө" гэв.
"Оюутны хөгжлийн зээл"-ийн шинэчлэгдсэн нөхцөл:
- Зээлдүүлэгч байгууллага: Боловсролын зээлийн сан
- Зээлийн хамрах хүрээ: Бакалавр, Магистр, Доктор
- Зээлийн нөхцөл: Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй, даатгалтай
- Зээлийн шаардлага: Элсэгч /ЭЕШ оноо >600/ Оюутан /Голч оноо >2.8/ Суралцагч /Голч оноо >3.2/
- Зээлийн хүсэлт гаргах: Тухайн сургуульдаа хүсэлт гаргах
БСШУСЯ-ны Боловсролын зээлийн сангийн зээлийн албаны дарга Э.Батсэлэм "Оюутны хөгжлийн зээлийг 2016 оноос хойш хэрэгжүүлсэн. Энэ үед уг зээл арилжааны банкаар дамжиж олгогдож байсан.
Засгийн газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны 46 дугаар тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг арилжааны банкаар биш Боловсролын зээлийн сангаар дамжуулж олгох шинэ тогтолцоог бүрдлээ.
Оюутны хөгжлийн зээлийн давуу тал нь оюутан суралцаж байх хугацаандаа ямар ч төлбөр төлөхгүй. Оюутан ажил дээр гарсаны дараа зээлийн төлбөрөө 6 хүртэлх жилийн хугацаанд төлж дуусгана. Мөн уг зээл авахад тавигдах шалгуур багассан.
Оюутны хөгжлийн зээлийг хамтран зээлдэгч, барьцаа шаардахгүйгээр, урт хугацаагаар хүүгүй олгож эхэллээ. 2018 оны хувьд 33 мянга орчим оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгоно" гэлээ.