Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Соёл урлагийн газраас зохион байгуулж буй “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ улс орон даяар өнөөдрөөс эхэллээ.
Жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагийг үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарсан. Үүнээс хойш “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлал тогтож, жил ирэх тусам өргөжсөөр 15 дахь жилдээ зохион байгуулж байна.
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээний хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурал, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэн, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр 11 цагаас "Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Монголын уран зургийн галерейд болно.