Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр Монгол Улсад “Дэлхийн номын өдөр”-ийг сарын 20-25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулах юм.
- Өнөөдөр хэвлэх үйлдвэрүүд, хэвлэн нийтлэгчид,зохиолчид, номын санчид, уншигчид хамтран “Бид номонд дуртай” өдөрлөгийг Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулна.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулна.
- Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн номын сан /Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан/-д уншигчийн картыг үнэгүй нээнэ.
- Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Олон Улсын номын “Global book service” үйлчилгээнд нэгдэх нээлтийн ёслол болно. Ингэснээр 25 улсын 355,000 гаруй хүртээмжит номтой цахим каталоги, ном дамжуулах автомат системийг ашиглах эрх нээгдэж буй юм. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан уг цахим каталогит 210 ширхэг дэйзи, 3400 орчим брайль номоор нэгдэн орлоо.
- ЭЕШ ойртож буйтай холбогдуулан сэтгэлзүйч С.Даваасамбуутай “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” сэдвээр, Д.Нацагдоржийн шагналт зохиолчидтой хийх цуврал уулзалтын хүрээнд Д.Нацагдоржийн шагналт зохиолч Б.Баярсайхантай уулзалт хийх бөгөөд 429-р хаалттай хорих ангид ном хандивлах, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэх зэрэг ажлууд хийгдэнэ.
- Хүүхдийн төв номын сангаас “Үндэсний өв соёлоо дээдлэхүй” сэдэвт морин хуурын тоглолт, лекц, хүүхдийн зохиолч П.Наранбаатартай зохиолч, уншигчийн уулзалт, “Эртэч хүүхэд” хэлэлцүүлэг, үдшийн уншлага, номын үзэсгэлэн, тойм яриаг зохион явуулна.
- Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж /танилцуулга/, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
- Монгол Улсын Үндэсний Номын Сангаас НҮБ-ын Залуучуудын Зөвлөлийн Холбооны номын буланг байгуулж, Суут хүмүүсийн бүтээлүүд, хуучны Орос хэл дээрх сэтгүүлүүдээр номын үзэсгэлэн гаргаж, танилцуулга хийх аж.
- “Номтой автобус” төслийг хэрэгжүүлж Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод номоор үйлчлэхээр болж байна. Энэ сацуу оюуны талх болсон номыг хэрхэн сэлбэн засах, сэргээн засварлах “Номоо эмчилье” сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөх юм