-УИХ-ын гишүүн, Дархан аварга А.Сүхбат, улсын заан Ж.Ганболд, начин Ц.Дуламсүрэн тэргүүтэй бөхчүүдэд МҮБХ сонин биш, Бөхийн өргөөнд эзэн суухын төлөө тэмцэлдээд байгаа юм биш үү-
Монголчууд бидний бахархал, монгол эр хүний үлгэр дуурайл болсон үндэсний бөхчүүдийн олон жил үргэлжилсэн хагарал, тэмцэл туйлдаа хүртэл хурцдан, санаанд багтамгүй балмад авир гаргахыг нь үздэг юм байна, бид. МҮБХ, Бөхийн өргөөний төлөөх тэмцэл бөхчүүдийн нэр хүндийг шалбаагтай хутгаж орхилоо. Хэсэг хугацаанд “Би албан ёсных, чи хууль бус тэргүүн” хэмээн бие биенээ үгүйсгэн, хөлөө жийлцсэн тэд ард түмний өмч болох Бөхийн өргөөг булаацалдаад олон жил болов. Зүгээр ч нэг булаацалдах бус увайгүй үйлдлээ гүйцэлдүүлэхийн тулд алалдахаас бусдыг хийв, тэд.
Өөрсдийгөө МҮБХ-ны шинэ удирдлага хэмээн томилсон “Гацуурт”-ын Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнхийн талынхан шөнийн цагаар Бөхийн өргөө рүү дайрч, хууль хяналтынхан төдийгүй олон түмнийг сандарган, дургүйцлийг нь төрүүлсэн. Тэд өнгөрсөн жил ч бас тэргүүнээрээ сонгосон Л.Чинбатыг “сэнтий”-д нь залахын тулд бөхийн ариун голомт болсон өргөө рүүгээ дайран, Р.Нямдоржийн хүү, улсын гарьд Ганбаатар тэргүүтэй Говь-Алтай аймгийн бөхчүүдтэй нэлээд хэдэн өдөр, шөнө муур, хулгана болсныг та бүхэн санаж байгаа. Дэгсдүүлээд хэлэхэд бөхчүүд нутаг усаараа хуваагдан “иргэний дайн” үүсгэх дөхсөн увайгүй үйлдэл өнөө жил дахин болсон нь харамсалтай.
Түүгээр ч үл барам монгол түмний бахархал Ж.Мөнхбат аваргыг эцсийн замд нь үдсэн өдрийн орой, гэр бүлийнхнийх нь харууслын нулимс эгшиж амжаагүй байхад Бөхийн өргөө рүү дайран, бие биенээ алж, талах дээрээ тулсан нь яав ч монгол бөхийн жудаг биш. Төр түшилцэж буй аварга нь зодуулчихлаа хэмээн үл мэдэг зулгарсан хүзүүнийхээ зургийг цахим хуудсанд нийтэлж, залуу бөхчүүдэд үлгэрлэх учиртай аварга цолтнууд талцлыг улам өөгшүүлэн “Арай ч дээ. Өөрсдөөсөө ичдэг ч болоосой” хэмээн дуу алдмаар хөгийн, хошин үйл явдал мөн ч их гаргах болов. Төр, ард түмний гүүр болж, хууль дүрмийг эрхэмлэн, бусдад үлгэрлэх учиртай А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болсон ч будлианыг толгойлсон нь хүмүүсийг гайхашруулж, цөөнгүйнх нь дургүйцлийг төрүүлэв. Арга ч үгүй биз.
Аливаа зүйлийг дүрэм журам, эв эеэр шийддэг болсон өнөө үед тэднийг ийм муйхар арга хэрэглэнэ чинээ хэн санах билээ. Нөгөөтэйгүүр, төрийн түшээ хүн санасандаа хүрэхийн тулд Бөхийн өргөөний үүдийг зад өшиглөж орно чинээ төсөөлөхөд ч бэрх. Эр бяр, зэр зэвсгийн хүчээр учраа ололцдог үед амьдарч байсан бол өөр хэрэг. Харин өнөө цагт тэгэх нь яавч оновчтой шийдэл биш.
Үндэсний бөхийнхөн хэзээнээсээ л эв түнжин муутайг хэн хүнгүй мэднэ. Дэлхийн хамгийн хагаралтай холбоог шалгаруулбал баараггүй түрүүлнэ гэх хорон яриа хүртэл дэлгэрээд удаж буй. Өнөөгийн хагарал юунаас эхтэйг зухас дурдъя. Төрийн бус ямар ч байгууллага дөрвөн жилд нэг удаа Их хурлаа хийн, удирдлагаа солих, эсвэл улираан сонгохоо шийддэг дүрэмтэй. МҮБХ-ныхон эл дүрмийн дагуу 2002 онд “Их эе”-э хуралдуулахад тэргүүний албан тушаалд Р.Нямдорж, Б.Сүхбаатар нар өрсөлдсөн юм билээ.
Улмаар Р.Нямдорж найман хүний саналын илүү (90:82)-гээр ялсан ч дийлдсэн талынхан хурлыг орхин гарснаар өнөөгийн хэрүүл, тэмцэл эхэлж төдийгөөс өдий хүртэл хэчнээн удаа шүүхдэлцэж, хэдэн ч удаа муудалцав. Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат тэргүүтэй хүмүүс “Их эе”-ийг өнгөрсөн онд зохион байгуулж, “Гацуурт”-ын Л.Чинбатыг тэргүүнээрээ томилсон.
Гэвч МҮБХ-ныхон гурван шатны шүүхийн шийдвэрээр хууль ёсных нь батлагдсан гэх өнөөх хурлыг хууль бус хэмээн үзэж, шинэ тэргүүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзсан. Х.Баянмөнх аваргын талынхан МҮБХ-ныхонтой зөвлөж, хэлэлцэн, төлөөллийг нь урьдаггүй юм гэхэд удирдлагыг нь оролцуулалгүйгээр “Аваргуудын зөвлөл”-д багтдаг зарим аварга, Увсын голдуу бөхчүүдийг цуглуулж байгаад Л.Чинбатыг сонгосон нь Р.Нямдорж тэргүүтэй хүмүүсийн эгдүүг хөдөлгөсөн хэрэг. “Их эе”-ийг зөвхөн МҮБХ зохион байгуулна” гээд дүрмэндээ хэн ч уншсан ойлгохоор тодорхой заачихсан тул хүлээн зөвшөөрөхгүй байхаас ч өөр аргагүй юм билээ.
Өнгөрсөн хугацаанд Л.Чинбат Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүдийг алсаас удирдан, бусдын гараар могой бариулж байгаа гэж бөхчүүд төдийгүй олон нийт харддаг. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн холбоог удирдаж байхдаа хэрхэн самарч, өнөөгийн хагарлыг гааруулсныг спортын хүрээнийхэн ярьдаг.
МҮБХ-г 1990 оноос хойш удирдсан Р.Нямдорж, Д.Данзан нар өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгч, тэргүүнээр Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонгоход олон хүн “Үндэсний бөхийн хүрээнийхэн одоо л эв эеэ олох нь. Р.Нямдорж ажлаа өгсөн тул түүнийг эсэргүүцдэг Х.Баянмөнх аварга тэргүүтэй бөхчүүд тэмцлээ зогсоон, нэгдэх байх” хэмээн таамагласан нь эндүүрэл байж.
Харин ч эсрэгээрээ тэд тэмцлээ улам хурцатгав. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Б.Бат-Эрдэнэ аварга оролцож байхад А.Сүхбат түүнтэй эвийн цагаан хадаг барин золгосон нь зүгээр л жүжиг байж. Түүгээр ч үл барам МҮБХ Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат гэх хоёр удирдлагатай, нөгөөдүүл нь дор бүрнээ өөр, өөрийн гэсэн тамга, гэрчилгээтэй болсон. Ер нь өнөө цагт мөнгө, эрх мэдэл байхад юу ч хийн, яаж ч авирлаж болдгийн тод жишээ энэ.
А.Сүхбат аваргын талынхан төдийгөөс өдий хүртэл “МҮБХ-г хууль бус хүн удирдах учиргүй. Бөхийн хөгжлийн төлөө үсээ цайтал тэмцэнэ” хэмээсээр ирсэн. Эл холбоог олон жил удирдсан “дайсан”-ууд нь ажлаа өгчихөөд байхад элдэв увайгүй үйлдлээ болихгүй буйгаас нь харахад тэд өнөөг хүртэл бөхийн хөгжил, шударга ёсны төлөө тэмцээгүй юм биш үү. Бөхийн өргөөнд эзэн суух, өөрийн болгох л сонирхолтой бололтой.
Монголчууд бид үндэсний бөхөө ямар их хүндэлж, бөхчүүдээ хэчнээн хайрладаг билээ. Зах зээлийн ороо бусгаа үед ард түмнээс хандив цуглуулан байж хоёр тэрбум орчим төгрөгөөр Бөхийн өргөөг барьсан. Монголд ийм том ордонтой байтугай үйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн оффис ч үгүй холбоо зөндөө. Гэтэл ард түмний хайр хүндлэл, хандиваар босгосон өргөө хэрүүл тэмцлийн үндэс болно чинээ хэн санах билээ.
Барилдаан зохион байгуулахаас гадна янз бүрийн арга хэмжээ Бөхийн өргөөнд тогтмол болдог. Ихэнх барилдааныг хэн нэгэн алдартан, томоохон байгууллагын нэрэмжит болгон, эсвэл ямар нэгэн ойн хүрээнд зохиодог болохоор хамаг зардал нь цаанаасаа гардаг. Тэгэхээр МҮБХ-ноос сохор зоос ч зарцуулдаггүй гэсэн үг. Ер нь арга хэмжээнээс л гэхэд сард 50-70 сая төгрөгийн орлого олдог.
Дээр нь Бөхийн өргөөнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын түрээс нэмэгдэнэ. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байршилтай тус өргөө, сар тутмын тогтмол орлогын хэмжээ, МҮБХ-г удирдах хүсэл гээд үндэсний бөхөө хөгжүүлэх, шударга ёсоор далайлгагчдын шуналыг хөдөлгөх зүйл бишгүй их.
Монголчууд үндэсний бөхчүүддээ хайртай, тэднээс юугаа ч харамладаггүй. Ямар сайндаа сумандаа түргэний тэрэггүй мөртлөө нутгаасаа төрсөн улсын цолтонд жийп авч өгдөг гэж хэлэгдтэлээ дэмждэг. Бөхийн буянаар хөлөө олж, цэрэг, цагдаагийн том цол хүртэн, төр түшилцэж яваа хүчтэн цөөнгүй. Гэтэл тэдэнд олны хүндлэлийг даах ухаан, монгол бөхийн ёс жудгийг сэвтээхгүй юм сан гэх сэтгэл байхгүй юм гэж үү.
УИХ-ийн гишүүн, Дархан аварга нь хувийн ашиг сонирхлынхоо төлөө үймээнийг удирдан, улам дэвэргээж яваа нь даанч хөөрхийлөлтэй. Үнэндээ бие биенээ үгүйсгэн шүүхдэлцэж, Бөхийн өргөөний хаалгыг хэчнээн удаа эвдэж ороод хэн нь ч хожихгүй, халх, дөрвөдөөрөө хуваагдсан өнөөгийн хагарал дуусахгүй. Цаашид бяр чадлаараа омгорхон, бие биенээ хэмлэсэн хэвээр байвал үндэсний бөхийн спорт Монголд төдийгүй дэлхийд шившиг болох нь.
Энэ бүхнээс ангижирч, үндэсний спортоо ариун дагшин, цэвэр байлгахын тулд “Их эе”-ийг дахин хуралдуулах нь хамгийн оновчтой гарц болов уу. Хэн хэндээ буулт хийн, урьдын дайсагналаа хойш тавиад зөв гарцыг хамтдаа эрэлхийлмээр байна. Тэгээд өөр өөрсдийн талын хүнээ нэр дэвшүүлээд тэргүүнээ сонговол хэн хэндээ гомдолгүй. Тэгж байж л олон жил үргэлжлэн, өдөр ирэх тусам хүрээгээ тэлэн томорч буй идээ бээрийг хагалж, буглааг нь илааршуулна.
Тэгэхгүйгээр Х.Баянмөнх аваргын талынхны хэрэглэсэн шиг аргаар хэн нэгнийг хүчээр томилох гэж оролдоод ямар ч нэмэргүй. Үндэсний бөхөд 20-иод жил үргэлжилж буй хэрүүл, тэмцэл хэзээ дуусах нь мэдэгдэхгүй, дахиад л сунжирна. “Их эе”-д бөхийн төлөө сэтгэлтэй хүмүүсийг өрсөлдүүлж, дүрмийн дагуу тэргүүнээ сонгох нь юу юунаас чухал. Тэгсэн цагт л олон жил үргэлжилж буй маргаан намдаж, үндэсний бөх ч тодорхой хэмжээгээр шинэчлэгдэх нь гарцаагүй.