Хүүхдийн амьдрах, сурах, амрах орчин цахимжсан өнөө цагт эрүүл орчинд тайван уншиж, мэдэх хэрэгцээг хангасан хувийн “Бяцхан мэргэд” хэмээх номын сан “Вива сити” хороололд байдагт олзуурхан түр саатсан юм. Оронгуут тав тухтай орчин угтах бөгөөд тойруулж харах төдийд танхимын зохион байгуулалт, тохижилтын шийдэл, тоноглол, сандал, суудал нь хүүхдийн сонирхлыг ихэд татдаг нь ойлгомжтой.
Энд тэнд янз бүрийн насны хүүхэд өөрсдийн хүссэнээр байраа эзлэн ном уншиж байгаа харагдана. Номын сангийн эрхлэгчтэй үг солих зуур жаалхүү орж ирэн, ном аваад, гутлаа тайлан зэрэгцүүлж тавин шатаар өгсөв. Бараа нь ч алга. Хүнээс зайдуу хэвтэж унших гэж байгаа нь тэр ажээ. Уламжлал ёсоор бол уншлагын танхим том ширээ, сандалтай баймаар. Гэтэл эднийх тойрог хэлбэрээр зассан, намхан, зөөлөн сандлуудтай ажээ.
Хүүхдүүд хананд байршуулсан, хөлөө хагас жийж, хагас хэвтээгээр унших байрлал эзлэн, номоо гартаа бариад, эсвэл түрүүний хүүхэд шиг шатаар дээш гарч “нуугдаж” уншиж болно. Бага, дунд насны хүүхдэд зориулсан номын сан тул судалгаанд үндэслэж тохижилтоо ийнхүү сонирхол татахаар хийжээ. Бяцхан уншигчид нэг цагаас илүү уншдаггүй гэнэ. Мөн ширээн дээр тохой тавьж тэмдэглэл хөтлөх нь бараг үгүй. Энэ нь ч судалгаагаар тогтоогдсон тул хүүхдийн хүсэлд нийцүүлэн тав тух бүрдүүлж өгөхийг чухалчилсан байна.
...Тийм ээ, тэд мөнгөөр хэмжих ашгийн төлөө бус, харин багачуудыг ухаалаг хүн болгон төлөвшүүлэх үйлсэд сэтгэлээ өгсөн сурган хүмүүжүүлэгчдийн хувьд хүүхэд хөгжүүлэх ажлаа тэтгэврийн насандаа үргэлжлүүлэн хийж байна. Тэдний хичээл зүтгэл улс орны ирээдүйд дуслаар хэмжишгүй нэмэр болох буй за...
“Бяцхан мэргэд” номын санг монгол хэл, уран зохиолын багш, “Эрдмийн ундраа” цогцолборын сургалтын менежерээр ажиллаж байсан С.Цогоо, түүх, газар зүйн багш мэргэжилтэй гэргийтэйгээ хамтарч байгуулжээ. Дунд сургуульд олон жил багшаар ажилласан хоёр тэтгэвэрт гарахдаа дэлгүүрийн лангуун дээр сууснаас хүүхэд багачуудад ном уншуулдаг, мэдэхгүйг нь мэдүүлдэг ажил хийх нь дээр гэж ярилцсан юм билээ.
Хүүхдүүд нь аав ээжийнхээ төлөвлөгөөг дэмжиж үйлчилгээний зориулалтын уг байрыг худалдан авч, тохижуулж өгчээ. Шинэ гарсан бүтээлүүдээс хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирохыг нь худалдаж авсаар өдгөө 10 гаруй сая төгрөгийн номтой болсон гэнэ.
Номын сангийн эрхлэгч С.Цогоо “Зөвхөн “Вива сити”-гийн гэлтгүй хотын төвөөс хүүхдүүд ирж ном уншдаг. Ангиараа ирдэг хамт олон ч бий. Нэг дор 40 хүүхэд унших боломжтой. “Хүннү молл”-ыг зорьсон ирсэн эцэг эхчүүд хүүхдүүдээ энд үлдээдэг. Бүр балчир жаалууд өвөө, эмээ, аав ээж, ах, эгч нараараа ном уншуулдаг. Тэд сонсохдоо сонсоно, тоглохдоо тоглоно. Цөөн ч гэсэн байнгын уншигчидтай болсон. Номоо уншиж дуусаагүй бол гэртээ авч хариад дуусгаж болно.
Хүүхэд номтой харилцах, эрдэм, соёлын орчинд биеэ авч явах дадал, хэвшил төлөвшихөд хэрэгтэй юм гэсэн дүгнэлт хийж байгаа. Ер нь хүмүүжлийн томоохон хэрэгсэл бол номын сан юм байна. Манайх зохиолчидтой хамтарч номын баяр зохион байгуулах, дэлхийн номын өдрийг тэмдэглэх, шилдэг уншигчдаа болзлын дагуу “Нацагдорж” тэмдэгтэнд тодорхойлж шагнуулах зэрэг улсын томоохон номын сангууд ямар ажил явуулдаг, тэр бүгдийг хийдэг юм.
Хотоос зайдуу болохоор тэр бүр хүмүүс мэддэгүй байх. Мэддэг болсон нь үе үе хамт олноороо, гэр бүлээрээ ирж уншаад буцдаг. Хоттой танилцах нэг төрлийн зугаалга ч болдог гэдэг. Бидний ажлыг дэмжиж мэдээлэл түгээж байгаад их баярлалаа” гэсэн юм.
Хүүхдийн төлөө үйлстэн багш хосоос “Номын сан ажиллуулах нь хүнсний дэлгүүртэй байснаас дээр юм уу” гэхэд “Орлого, ашгийн тухай асууж байгаа бол түүний тухай ярих хэрэггүй ээ. Сард 80 мянган төгрөг л ордог. Хүнсний дэлгүүртэй хүмүүс арай ийм биш байх л даа. Бид хэрэглээний ус, цахилгааны мөнгөө тэтгэврээсээ төлдөг.
Хүүхдүүдэд ном яаж уншихыг зааж, идэвхжүүлж өгдөг юм. Хүүхдүүд бие дааж ном уншаад сурчихвал насан туршид нь хэрэгтэй дадал, хэвшилтэй болно. Тэгэхээр бид хоёр хийж байгаа ажлаа хойч үед хэрэгтэй оюуны хөрөнгө оруулалт гэж үзээд байгаа” гэж байлаа.
Тийм ээ, тэд мөнгөөр хэмжих ашгийн төлөө бус, харин багачуудыг ухаалаг хүн болгон төлөвшүүлэх үйлсэд сэтгэлээ өгсөн сурган хүмүүжүүлэгчдийн хувьд хүүхэд хөгжүүлэх ажлаа тэтгэврийн насандаа ч үргэлжлүүлэн хийж байна. Тэдний хичээл зүтгэл улс орны ирээдүйд дуслаар хэмжишгүй нэмэр болох буй за.
“Бяцхан мэргэд” номын сан даваа, мягмараас бусад бүх л гаригт үүдээ нээгээд уншигч багачуудаа хүлээж байдаг юм билээ.