Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой шаардлагыг өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. 2017 оны сүүлээр багш нар тэмцэл хийснээр Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан боловч одоог хүртэл бодит үр дүн гараагүй байна.
Шинжлэх ухааны хүрээлэнгийн ҮЭХ-ы дарга Т.Баясгалан хэлэхдээ "Өнгөрсөн онд манай улс эдийн засгийн хямралтай байсан тул бид энэ асуудлыг хойшлуулсан. Харин энэхүү шаардлагаас хойш 3-4 сар цалин хөлс нэмэхгүй бол багш нар ахин ажил хаялт зарлаж, улмаар 2018-2019 оны хичээлийн эхлэхгүй ч байх магадлалтай" гэдгийг хэллээ.
Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг “Бид таван шаардлага тавих бөгөөд хэрэгжүүлээгүй тохиолдолд ҮЭ байгууллагын хуулиар олгогдсон эрхийн дагуу тэмцлийн үйл ажиллагаагаа тавдугаар сарын 1-ээс эрчимжүүлнэ” гэлээ.
Тэрбээр Засгийн газарт хүргүүлж буй шаардлагаа уншиж танилцууллаа.
- Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хийх “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрэх
- “2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт хэлэхээс өмнө хэрэгжүүлж эхлэх
- УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлэх
- Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх
- БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-оос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах.
Тэд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны дотор ирүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлээ эрчимжүүлэхээ мэдэгдлээ.