Борооны дараах мөөг шиг олширсон их, дээд сургуулиудын чанарыг сайжруулах ажлын хэсэг БСШУСЯ-наас гаргажээ. Үүний хүрээнд сүүлийн 2-3 жилд элсэгчдийн тоо нь буурсан, сургалтын чанар муудсан зургаан дээд сургуулийн тусгай эрхийг цуцалсан байна. Мөн их, дээд сургуульд элсэх босго оноог 30-50-иар нэмж, 430-450 болгохоор судалж буй гэнэ.
“Их, дээд сургуулиудын тусгай эрхийг цуцалж, нэгтгэж буй нь тоог цөөлөх асуудал бус, чанарын шаардлага хангасан сургалт явуулахыг шаардаж буй хэрэг” хэмээн БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргал хэллээ. Мөн “Нийт их, дээд сургууль төгсөгчдийн 40 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, үлдсэн 60 хувь нь өөр ажил сонгодог гэсэн судалгаа бий.
Энэ нь ажлын байр хомс байгаатай холбоотой гэхээс илүү мэргэжлийн чадамж муутай боловсон хүчин бэлтгэж буйг харуулж байна” гэсэн юм. Тиймээс салбарын яамны зүгээс дээд боловсролын сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж, үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хэрэгжүүлэхээр туршиж буй аж.