Сургалтын чанар муу дээд сургуулиудыг нэгтгэж ЭЕШ-ын босго оноог нэмэхээр БСШУСЯ-аас судалж эхэллээ. БСШУСЯ-ны ажлын хэсэг их сургуульд элсэн босгыг 30-50 оноогоор нэмэх талаар хэлэлцэж буй бөгөөд эцэслэн шийдэгдээгүй ч энэ хавраас нэмж их дээд сургуулийн босгыг өндөрсгөнө гэлээ. Эхний ээлжинд 16 сургуульд шалгалт явуулж, таван сургуулийг нэгтгэн зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
БСШУСЯ-ны дээд боловсролын газрын дарга Т.Амаржаргал хэлэхдээ: "Чанар муу их дээд сургуулиудыг нэгтгэснээр шаардлага хангасан цогц сургууль бий болох боломжтой. Үзүүлэлт муу зарим дээд сургуулийг бид татан буулгах хүртэл арга хэмжээ авч байна. Мөн сургуулиа төгсөөд буй зарим оюутан сурагчид ажлын байрны шаардлага нөхцлийг хангаж чадахгүй байна. Иймээс манай ажлын хэсэг энэ тал дээр анхааран судалж, босго оноог өндөрсгөх талаар хэлэлцэж байна. Саарын хажуугаар сайн сургуулиуд ч байна. Тодруулбал АШУИС, МҮИС-ийн ерөнхий мэргэжил, ШУТИС, ХААИС-ийн цахилгаан механик, МУИС-ийн программ хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөр нь олон улсын стандартад нийцсэн байдаг" гэв.