Дэмбэрэлийн ӨЛЗИЙБААТАР
Түүхч, доктор
Хүмүүс амьдран буй цаг үеэ таньж, ухаарч чадаагүйгээсээ улбаалан хожим хойчдоо буруушаагдан зэмлүүлсэн алдаатай үйлдлүүд хийсэн нь олонтаа. Үүнийг бид түүхэн сургамж гэдэг. Эдүгээ бид ямар цаг үед амьдарч, аж төрж байна вэ. Цаашид биднийг болон үр хүүхдүүдийг минь ямархан ирээдүй хүлээж байгаа бол.
Бид онож явна уу, алдаж явна уу, ашид орших үндэстний үнэт зүйлээ, үзэл санаагаа зөв тодорхойлж чадсан уу. Энэ тухай хэр олон хүн эргэцүүлдэг бол, эргэцүүлж тунгаасан нэг нь ямаршуухан санаатай явдаг бол гэсэн бодол үргэлж надад төрдөг юм. Бат-Оргил асуултад минь өөрийнхөө хариултыг энэ номоороо өгчээ. Би түүнтэй санал нэг байна. Тэр сэхээтнүүдийг сэрж идэвхжихийг, бэртэгчин байдлаасаа салахыг уриалан дууджээ.
Олонх нь ядуу, ард түмэн нь тэгш байдал, шударга ёс нэхсэн нийгэм бол эрүүл биш. Эрүүл нийгмийг эрүүл санаа бодол, эр зориг, хүчирхэг оюун санааны нэгдэл, үндэстний үнэт зүйлээ амь нас, эд зоорио огоорон хамгаалах эх оронч сэтгэлтнүүд л бий болгож чадах билээ. Энэ номд энэ тухай бичжээ. Тэр аялгуут гитарынхаа эгшгээр ухаарлын хонх цохиж байна. Монголд хонхны дуу энэ номоор дамжин сэхээтнүүдэд хаяглагдан дахин дуурсаж эхлэв үү дээ гэсэн бодол төрлөө.