Тэтгэлэг гэж юу вэ?
Тэтгэлэг нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг. Манайханд илүү ойр нэрээр түгсэн нь Scholarship буюу Сургалтын тэтгэлэг юм. Scholarship гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэсэн үгнээс гаралтай. Тэр утгаараа оюутны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг юм. Ерөнхийдөө сургалтын тэтгэлгийг бүхэлд нь дээрх нэр томьёогоор нэрлэдэг. Харин тэтгэлгийн өөр нэг төрөл нь хувь хүнд олгодог тэтгэлэг буюу Fellowship юм. Энэ нь тухайн хүний зэргээ ахиулан суралцахад дэмжлэг болох зорилготой тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд сургалтын төлбөр, оюутны дотуур байр, хэрэглээний зардал зэргийг санхүүжүүлдэг. Grant буюу судалгаа шинжилгээний ажилд олгодог тэтгэлэг нь илүү ахисан төвшинд судалгаа, шинжилгээ хийхэд зориулагддаг хөтөлбөр юм.
Өөрөөр хэлбэл тухайн судлаачийн судалгаандаа хэрэглэх материалууд, багаж хэрэгслийн зардал зэргийг санхүүжүүлдэг. Харин хувь хүний амьжиргааны зардлыг тэр бүр санхүүжүүлдэггүй. Эдгээрээс гадна Essay contest буюу эссений уралдаан, Award буюу амжилтыг үнэлсэн мөнгөн шагнал гэж байдаг. Эссений уралдаан нь оюутан, сурагчид, зулуучуудад зориулан маш өргөн дэлгэр зарлагддаг бөгөөд дэлхий нийтийн хэмжээнд зарлаж, мөнгөн шагнал урамшуулал олгохын зэрэгцээ дадлагын хөтөлбөрт Internship хамрагдах боломжийг олгодог. Манай орны оюутан, сурагчид, залуучууд ч үүнд оролцох бүрэн боломжтой бөгөөд Амөрик, Англи, Австрали зэрэг улсад бүрэн хэмжээний тэтгэлэгтэйгээр суралцсан оюутнуудын ч түүхийг бид сонсож байсан.
Харин Award буюу амжилтыг үнэлсэн мөнгөн шагналын хувьд мөн ялгаагүй олон нийтийн хэмжээнд зарлаж, мөнгөн шагнал олгодог бөгөөд Emmy award-ын тэтгэлгийг манай Монгол улсын оюутан авч байсан. Ер нь тэтгэлгийн хэмжээ ямар ч байж болно. Сургалтын төлбөрийг нь бүтэн, эсвэл тодорхой хувийг нь даах, мөн сар бүр стипенд олгох, зөвхөн ном, тухайн байгууллагад ажиллах эрхээр шагнах, олон улсын хуралд оролцох эрх, бичиг хэрэгслийн зардлыг нь олгох гэх мэт.
Тэтгэлэг бүр өөр өөрийн нөхцөлтэй. Монголчуудын хувьд хамгийн гол нь гадаад хэлний чадвар, мөн сурлагын амжилтаас гадна спортын эсвэл урлагийн авьяас, бусдыг удирдан зохион байгуулдаг, нийгмийн төлөө үйлчлэх чадвартай, эрмэлзэлтэй, хийсэн бүтээсэн зүйлстэй байхад тэтгэлэг олдох магадлал тун өндөр байдаг.
Тэтгэлгээр суралцахын тулд . . .
Тэтгэлгээр суралцах төлөвлөгөөтэй хүмүүс 12-24 сарын өмнөөс бэлтгэх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд тэтгэлгүүдийн талаар мэдээллээ олж авч, цуглуулан, төлөвлөгөө гаргах, өөрт тохирсон, оролцохыг хүсэж байгаа тэтгэлэгт хөтөлбөрөө сонгох, өөрийгөө бэлтгэх, хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Үүнээс гадна Монгол улсын иргэдэд олгодог, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар маш сайн мэдээлэлтэй байх ёстой. Тус номын зорилго маань ч та бүхэнд үнэн зөв мэдээллийг нэгдсэн байдлаар өгөхөд оршиж байгаа юм. Ихэнх хүмүүс тэтгэлэгт хөтөлбөрт тэнцэхгүй бол яанаа гэж айж, цаг хугацаа их алддаг. Тухайн хүн өөрийн оролцох тэтгэлэгт хөтөлбөрөө сонгон, түүнийхээ талаар маш сайн судлах хэрэгтэй. Тухайлбал ямар хэмжээнд зохион байгуулагддаг, хэн хэн оролцдог, хэдэн хүн шалгаруулж авдаг, хугацааны хувьд ямар байдаг, тухайн улсын талаарх ойлголт, мэдлэгээ зузаатгах, хяналт нь ямар байдаг талаар мэдэж, судалж байх нь чухал. Ямар, ямар тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг, хэзээ явагддаг, шалгуур нь ямар байдаг, хэн оролцох боломжтой вэ, гадаад хэл болон сургалтын дүн ямар байвал зохимжтой талаар эртнээс сайтар мэдэж, өөрийгөө бэлтгэснээр амжилт гаргаж, улмаар гадаадад тэтгэлгээр суралцах боломж нээгдэнэ. Та гадаадад тэтгэлгээр суралцахаар шийдсэн бол:
- Зорилгоо тодорхойлж, үр дүнд хүрэхүйц төлөвлөгөө гаргах хэрэгтэй
- Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл цуглуулж, хайлт хийх
- Ямар тэтгэлэгт хөтөлбөрт оролцох вэ? гэдгээ сонгох хэрэгтэй
- Сонгосон тэтгэлгийн ерөнхий шалгууруудыг мэдэж, түүний дагуу өөрийгөө бэлтгэх
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуурууд
Тэтгэлэгт хөтөлбөр бүр өөрийн онцлогоосоо шалтгаалан тавигддаг шаардлага, шалгуур үзүүлэлт нь ондоо байдаг. Гэхдээ ерөнхийд нь тавигддаг, гол шалгуур үзүүлэлтийг доор дурдъя.
Суралцах зорилго
Тухайн хүн ирээдүйн том зорилготой, тэрхүү зорилгодоо хүрэхэд нь гадаадаас олж авах мэдлэг, боловсрол их чухал гэдгийг итгүүлж, үнэмшүүлэх хэрэгтэй. Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд яг энэ сэдвээр эссе бичүүлж авдаг бөгөөд үнэхээр өөрийн гэсэн зорилготой хүний хувьд энэ бол тийм ч хэцүү биш шалгуур, гэхдээ сайн үндэслэлтэй, бодитой бичих ёстой.
Төгссөн сургуулийн үнэлгээ
Ихэнх тэтгэлгийн шалгаруулалтанд орсон байдаг нэг зүйл нь тухайн хүн өмнөх сургуулиудаа хэр зэрэг үнэлгээтэй төгссөнийг харах явдал юм. Өөрөөр хэлбэл дунд сургууль, дээд сургуулийг төгссөн дүн их чухал байдаг. Нотолгоо болгож гэрчилгээ болон дүнгийн хуулбаруудыг орчуулж, нотариатаар баталгаажуулсан байх ёстой.
Хэлний мэдлэг
Тухайн очиж суралцах орныхоо хэлийг эзэмшихгүйгээр хичээлээ ойлгоно гэдэг хэцүү. Гэхдээ зарим оронд ахисан төвшний хөтөлбөрүүд нь англи хэл дээр явагддаг. Англи хэлийг өнөөдөр дунд сургууль, их дээд сургуулиуд бүр хичээлийн программандаа оруулан үздэг болсон бөгөөд сургалт дамжаанууд, ном сурах бичгүүд ч их олширсон байна. Үүнийг ашиглан хэлээ бие дааж маш сайн үзэх хэрэгтэй.
Нийгмийн идэвх, нийгэмд эзлэх байр суурь
Нийгэмдээ үйлчилдэг, бусдад санаа тавьж чаддаг, өөрийнхөө чаддаг зүйлээр нийгэмд, бусдад цаг гаргаж, үйлчилж чаддаг байх нь тэтгэлэгт хамрагдах шалгуурын нэг болдог. Мөн төрөл бүрийн олон уралдаан тэмцээнд оролцож, бусдыгаа манлайлах чадварын үзүүлэлт ч гэсэн тэтгэлэг авахад нөлөөлдөг. Харин магистр буюу түүнээс дээш төвшний хөтөлбөрүүдэд нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлээрээ ажилласан жил, судалгаа шинжилгээний бүтээл зэргийг шаарддаг.