Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь магистрын зэрэг олгох бүрэн тэтгэлэгт хөтөлбөр. АНУ болон бусад орны ард түмэн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр нь АНУ-ын Төрийн департаментын боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн хамгийн том хөтөлбөр нь бөгөөд одоогоор дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж байна.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1994 оноос хэрэгжиж эхэлсэн ба жилд 4-5 оюутан хамрагддаг. 2011 оноос Монгол Улсын Засгийн газартай хамтарсан хөтөлбөрийг эхлүүлснээс хойш АНУ-ын ЭСЯ-аас тус хөтөлбөрийг жилд хоёр удаа зохион байгуулж, жилд дунджаар 13-15 оюутан хамруулж байна. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нэг жилийн хугацаанд үргэлжилж, шалгарсан оролцогчид өргөдөл гаргасны дараа жилийн зун хөтөлбөрөө эхлүүлдэг. АНУ-ын их дээд сургуулийн мастерын хөтөлбөрүүд 1-2 жил үргэлжилдэг.
ТЭТГЭЛЭГИЙН ХЭМЖЭЭ
Фулбрайтын тэтгэлэгт нь гэр бүлийн гишүүдийг хамруулдаггүй болохыг анхаарна уу. Доор дурьдсан бүх зардал нь зөвхөн тэтгэлэгт хамрагдагчид зориулагдсан болно. Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:
- Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
- Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид сар болгон байр сууц, хоолны болон бусад холбогдох зардлын тэтгэмж авна;
- Сургалтын төлбөр: Фулбрайтын тэтгэлэг нь бүх зардлыг даана;
- Хөтөлбөрийн удиртгал уулзалт: Уулзалтад оролцох буудлын, хоолны, эрүүл мэндийн, сургалтын зэрэг бүх зардлыг Фулбрайт даана;
- Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
- Визний зардал: Бүх тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
- Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно;
- Суурьших зардал: Оролцогчид хөтөлбөрийн эхний сард нэг удаагийн ном, лаптоп зэрэг худалдан авах тэтгэмж олгоно.
СУДЛАХ ЧИГЛЭЛҮҮД
Фулбрайтын хөтөлбөр нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч эрүүл мэндийн салбарт зөвхөн Нийгмийн эрүүл мэндийн судалгаа, хуулийн салбарт зөвхөн Master of Laws (LLM) чиглэлээр зарлагддаг.
ТАВИГДАХ ҮНДСЭН ШАЛГУУРУУД
- Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
- 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх;
- Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
- Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран TOEFL IBT 80-90, TOEFL PBT/ITP 550-575, or IELTS 6.5-7.0 оноотой байх;
- АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.
ӨРГӨДӨЛ ГАРГАХДАА
- Фулбрайтын өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.
- Тодорхойлох захидал: Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана. Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээр үйлдэгдсэн тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хүлээн авна.
- Эссэ: Та яагаад АНУ-д суралцах хүсэлтэй байгаа болон хөтөлбөр дууссаны дараа Монгол Улсад юу хийх төлөвлөгөөтэй байгаа талаар товч буюу хоёр хуудаснаас уртгүй эссэг Англи хэл дээр бичиж хавсаргана уу.
- Диплом: Их дээд сургуулийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана уу. (Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул баримт бичгийн эх хувийг явуулахгүй байхыг хүсье.)
- Дүнгийн хавтгай: Их дээд сургуулийн сургалтын албанаас албан тоот дээр хэвлэсэн, тамга бүхий дүнгийн хавтгайг эх хувиар нь хавсаргана уу. Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт илгээнэ үү. (Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу.)
- Өргөдлийг ЭСЯ-д зарласан хугацааны дотор биеэр эсвэл шуудангаар илгээнэ үү.
Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:
- Хөтөлбөрийн зарлал, шалгууруудтай бүрэн гүйцэд уншиж танилцах;
- Эссэ болон өргөдлийн маягтын бүх хэсэг таны өөрийн санаа болон бичлэг байх ёстой. Өргөдлийн хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил, санааг зохих ёсоор тэмдэглэх. Аливаа худал мэдээлэл, хууран мэхлэлт нь хөтөлбөрөөс өргөдлийг нэн даруй халах үндэслэл болохыг анхаарна уу;
- Өргөдлийг Англи хэл дээр, компьютер дээр бүрэн зөв бөглөсөн байх. (Гараар бичсэн ямар ч материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу);
- Өргөдлийн маягтын бүх асуултад хариулах. Өөрт холбогдолгүй асуултад Not Applicable буюу N/A гэж хариулна уу;
- Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал өгөхгүй байх;
- Өргөдлийн маягт болон бусад материалуудыг үдээсдэхгүй байх. Шаардлагатай тохиолдолд цаасны клип ашиглах;
- Бүрэн гүйцэд бус өргөдөлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЯВЦ
АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөр сонгон шалгаруулалт дээр суурилдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Сонгол шалгаруулалтад нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.
Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:
Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:
- Өргөдлийн маягт болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
- Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгууруудыг хангасан эсэх
Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.
Ярилцлага: Ярилцлагыг ЭСЯ, АНУ-д Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч нарын төлөөллүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.
Эцсийн шалгаруулалт: J. William Fulbright Foreign Scholarship Board-өөр (FFSB) зөвшөөрөгдсөн оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно. FFSB-ийн гишүүдийг АНУ-ын Ерөнхийлөгч томилдог ба тус зөвлөл нь Фулбрайт хөтөлбөрт нэр дэвшигдсэн дэлхийн бүх оролцогчдыг зөвшөөрөх эсвэл татгалзуулах эрхтэй.
Жич: Эцсийн шалгаруулалтаар сонгогдсон хөтөлбөрт оролцогчид нь АНУ-ын их дээд сургуульд амжилттай элсэж байж хөтөлбөрт хамрагдагч болно. Хэдийгээр сонгон шалгаруулалтын бүх шатаар тэнцсэн ч Америкийн их дээд сургуульд элсэн орж чадахгүй бол тэтгэлгээ үргэлжлүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.
Фулбрайтын хөтөлбөрт хүсэлт гаргагч нь өргөдөл гаргах шатанд АНУ-ын их дээд сургуульд тэнцсэн байх шаардлагагүй. Хөтөлбөрт сонгогдсон оролцогчдыг хувиараа АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргахыг бид зөвлөдөггүй. Фулбрайт хөтөлбөрийн бүх оролцогчдын их дээд сургуулийн өргөдлийг явцыг АНУ-ын Засгийг газартай гэрээлэгч боловсролын салбартаа 100 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн байгууллага буюу Олон улсын боловсролын институтээс (IIE) хариуцан явуулдаг. IIE-ийн мэргэжилтнүүд дэлхийн бүх орноос сонгогдсон оролцогчийн сурлагын үзүүлэлт, сургалтын төлөвлөгөө, зорилт, өргөдлийн маягт, шалгалтын оноонууд зэрэгт тулгуурлан оролцогч бүрд тохирсон хөтөлбөр бүхий их дээд сургуулиудыг тодорхойлдог. Хөтөлбөрт өргөдөл гаргагч анхны өргөдлийн маягт дээр сонирхсон гурав хүртэлх тооны хөтөлбөрийг дурьдах боломжтой.
АНУ-ын Засгийн газын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:
- 1-3 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээ авна;
- 3-4 сар: Техникийн шалгуурыг хийж, өргөдлийг шалгана;
- 4-5 сар: Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцалгыг хийнэ;
- 7-10 сар: Шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэнэ;
- 10-12 сар: АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ;
- 1-5 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг хүлээнэ;
- 5-6 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг зарлана;
- 6 сар: Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна;
- 7-8 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино.
Монгол Улсын Засгийн газын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн сонгон шалгаруулах дараалал:
- 4-6 сар: Хөтөлбөрийг зарлаж, өргөдөл хүлээ авна;
- 6 сар: Техникийн шалгуурыг хийж, өргөдлийг шалгана;
- 7 сар: Фулбрайтын анхан шатны шалгаруулалт буюу ярилцалгыг хийнэ;
- 7-10 сар: Шалгарсан оролцогчид АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлөө илгээх бэлтгэнэ;
- 10-12 сар: АНУ-ын их дээд сургуулиудад элсэлтийн өргөдлийг илгээнэ;
- 1-5 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг хүлээнэ;
- 5-6 сар: Элсэлтийн өргөдлийн хариуг зарлана;
- 6 сар: Элчин сайдын яамнаас хөтөлбөрийн өмнөх уулзалт зохион байгуулна;
- 7-8 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино.