Хүүхдийг Ивээх Сан нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүгийн тусламжтайгаар нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд өнгөрсөн 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ.
“Сургуульд дасан зохицох хөтөлбөр”-ийн тусламжтайгаар төрийн өмчийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн удирдлага, багш, ажилчид, эцэг эхийг чадавхжуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, төслийн үр дүнг бодлогын түвшинд тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж дараах үр дүнгүүдэд хүрсэн байна.
Нэгдүгээрт, төсөлд хамрагдсан 24 сургуулийн бага ангийн 1849 багш хүүхдийн сургуульд бэлтгэх аргазүй, зургаан настнуудын онцлог, дасан зохицох, суралцах чадварын талаар мэдлэг, ойлголт, чадвартай болж, 1-р ангийн сурагчдын сургуульд дасан зохицох явцыг үнэлэх, түүнд үндэслэн хүүхэд бүрт тохирох дэмжлэг, туслалцааг өгөх чадвартай болжээ. Төслийн үр шимийг нэгдүгээр ангийн 15 681 сурагч шууд хүртсэн байна.
Хоёрдугаарт, зорилтот 24 сургууль төслийн тусламжтайгаар “Дасан зохицох, суралцах чадварыг дэмжих сургуулийн хөтөлбөр”, “Өөрийн үнэлгээ”-ний тогтолцоог боловсруулан хэрэгжүүлж, үр дүнд нь I ангийн хүүхдийн суралцах чадварыг дэмжих сургуульд дасан зохицоход туслах бүтэц, тогтолцоотой болсон. Мөн харъяалагдах хороо, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаа зэрэг төрийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааны түвшин нэмэгдсээр байна.
Гуравдугаарт, зорилтот сургуулиудын нэгдүгээр ангийн нийт 158 багш эцэг, эхийн зөвлөлийн 795 гишүүнд хүүхдийн сургуульд дасан зохицох, суралцах чадварыг хэрхэн дэмжих талаар сургалтууд зохион байгуулснаар зорилтот сургуулиудын I ангийн сурагчдын нийт 18 000 гаруй эцэг эхэд мэдээлэл түгээх, хэлэлцүүлэг зохион байгуулах, туршлага солилцох зэрэг олон төрлийн үйл ажиллагаанд хамруулах замаар мэдлэг, чадварыг нь нэмэгдүүллээ. Үүний үр дүнд эцэг эхийн оролцоо нэмэгдэж, улмаар сургууль, багш нартай нягт хамтран ажиллах болов.
Дөрөвдүгээрт, төслийн гол оролцогч талууд I ангийн сурагчдын сургуульд дасан зохицох, суралцах чадвар ихээхэн чухал болохыг тэмдэглэж, төслийн үр дүнгийн тогтвортой байдалд анхаарч ирсний үр дүнд төслийн “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон “Дасгал ажлын дэвтэр”-ийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрөө үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд БСШУСЯ хамтран ажиллалаа. Мөн нийслэлийн Боловсролын газар төслийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нартай хамтран нийслэлийн ЕБС-иудын I ангийн 800 багшид сургалт зохион байгуулж, тэдний дасан зохицох, суралцах чадварын талаарх мэдлэг, ойлголт, чадварыг бэхжүүллээ. Тус төсөл хэрэгжсэнээр нийслэлийн захын 3 дүүргийн төрийн өмчийн сургуулийн 160 000 гаруй хүүхэд шууд болон шууд бусаар үр шимийг нь хүртжээ. Мөн цаашид төслийн хүрээнд боловсруулан хэрэгжүүлсэн эдгээр хөтөлбөр, санаачлагуудыг нэгдүгээр ангийн сурагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон 6 настнуудын суралцах чадварыг сайжруулахад сургалтын нэг загвар болгон ашиглах бүрэн боломжтой боллоо гэж тус үйл ажиллагааны үеэр онцоллоо.