Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүнг 14 хоногийн дараа мэдээлдэг, үүний улмаас дүнг өөрчлөн зассан зэрэг элдэв хардлага нийгэмд түгдэг. Тэгвэл өнөө жилээс ЭЕШ-ын хариуг өдөрт нь мэдээлэхээр болжээ.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.
-ЭЕШ-ын дүнг өдөрт нь мэдээлдэг болно гэсэн, үнэн үү?
-Шалгалтын дүнг олон хоногийн дараа мэдээлдэг бус, тухайн өдөрт нь гаргадаг болох нь бидний зорилт. Тиймээс өнгөрсөн жилээс уг ажлыг эрчимжүүлсэн. Ингээд АНУ-аас уншигч тоног төхөөрөмж оруулж ирсэн юм. Харин ашиглаж буй программыг нь монгол инженерүүд зохиосон.
Гэхдээ өнөө жил бүх төгсөгчийн материалыг уншигч төхөөрөмжөөр засаж чадах, эсэх нь эргэлзээтэй. Учир нь Америкаас уг төхөөрөмжийг оруулж ирэхийн тулд сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай. Тэгэхээр зургадугаар сараас өмнө нийлүүлж чадахгүй байж мэдэх юм.
-Танай төвд ийм машин хэд байдаг юм бэ?
-Хоёр бий. Бид эдгээр машинаа энэ жил хоёр аймагт ажиллуулж, шалгалтын хариуг гаргуулна. Өнөө жил шалгалтын 50 байр байгуулна. Тэгэхээр нэмж 48 төхөөрөмж хэрэгтэй гэсэн үг. Үүнийг авах асуудлыг БСШУСЯ-ныхантай зөвшилцөж байна. Энэ онд амжихгүй бол дараа жил бүх байрыг ийм төхөөрөмжтэй болгоно.
-Өчигдөр (уржигдар) болсон олимпиадын үеэр төхөөрөмжийг туршихад 200 хүүхдийн материалыг богино хугацаанд засаж байсан.
-Шалгалтын 200 хуудсыг дөрвөн минутын дотор зассан. Ер нь төхөөрөмж нэг аймгийн шалгалтын дүнг 60 минутад багтаан гаргана гэж тооцож байгаа.