"Олон улсын эх хэлний өдөр" өнөөдөр тохиож байна. Эх хэл, соёлын олон янз байдал болон олон хэлний талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий энэхүү өдрийг тэмдэглэх болсон түүх 1952 оноос эхтэй. Тодруулбал, 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд өөрсдийн эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор одоогийн Бангладешийн нийслэл Дакка хотын Дээд шүүхийн ойролцоо жагсаал хийсэн юм. Жагсаалын үеэр цагдаа нар гал нээсний улмаас таван хүн амиа алдсан бөгөөд эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэгчдийн дурсгалыг хүндэтгэн бангладешчууд ”Эх хэлний өдөр” болгон тэмдэглэдэг болжээ. Улмаар 1999 онд ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.
Монгол Улсын хувьд жил бүрийн есдүгээр сарын 1-нийг "Эх хэлний өдөр" болгон тэмдэглэх зарлиг өнгөрсөн онд гаргасан. Энэ өдөр эх хэлээ сурталчлах, түүгээр бахархах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн эх хэл соёл, түүх, зан заншил, өв уламжлалын тухай мэдээ мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлж хэвших, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд жил бүрийн хичээлийн эхний өдрийн нэгдүгээр цагийг монгол хэл, Монгол уран зохиол, Монголын түүхийн хичээлийн сэдэв агуулгад багтаан явуулахыг Ерөнхийлөгч зарлиг болгосон юм.