Монгол Улсын Төрийн шагналт, зохиолч, соён гэгээрүүлэгч Ч.ОЙДОВЫН мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд түүний "Зохиолын цоморлог" (2 боть) номын нээлт өнөөдөр 15.00 цагаас болох гэж байна. Уг номыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, "Ардын элч- Ч.Ойдов" сангаас хамтран олны хүртээл болгож байна.
Ч.Ойдов нь 1917 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт төржээ. Тэрээр Монголын орчин үеийн уран зохиолын тайз, дэлгэцийн уран бүтээлд их хувь нэмэр оруулсан манай алтан үеийн нэрт зохиолч, сэтгүүлч, авьяаслаг уран бүтээлч билээ. ХХ зууны Монголын урлаг, утга зохиолын салбарын нэрт төлөөлөгч, шинэ цагийн инээдмийн жүжгийн төрөл жанрыг үндэслэгч байлаа. Тухайн үеийн нийгмийн байдлыг ёгт хэлбэрээр өгүүлсэн "Далан худалч" инээдмийн жүжиг, "Жаргалын зам" дуурь, "Жаргалыг хүссэн Мөнхөө", "Зам", "Алиа Тогмид" зэрэг жүжгийн зохиол, "Ардын элч", "Баясгалан" кино зохиол, "Чөтгөртэй бууц", "Эв зүй" өгүүллэг, "Бат бөх" тууж зэрэг үе үеийн уншигч, үзэгчдийн талархлыг хүлээсэн олон сайхан бүтээл туурвисан юм.
Мөн тэрээр 1939 оны Халх голын дайнд морзчин /холбоочноор/, 1945 оны Чөлөөлөх дайнд “Улаан Од” сонины сурвалжлагчаар явсан ганц зохиолч юм.
Ч. Ойдов нь 1947 онд "Зам" жүжгийн зохиолоороо Төрийн шагнал хүртсэн бөгөөд зохиол бүтээлүүд нь орос, англи, хятад, япон, унгар, чех, герман хэлээр хэвлэгдэн гарч Монгол улсыг дэлхий дахинаа таниулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Өнөөдөр нээлтээ хийх Зохиолын цоморлогийн нэгдүгээр дэвтэрт “Монгол улсын төрийн шагналт, зохиолч Чойжамцын Ойдовын амьдрал, уран бүтээл”-ийн тухай эрдэм шинжилгээний оршил, “Жүжиг”, “Кино зохиол”, зургийн цомог, хоёрдугаар дэвтэрт “Нэг бүлэгт жүжгийн зохиол”, “Дуурийн цомнол”, “Хүүхдэд зориулсан жүжгийн зохиол”, “Үлгэрийн чуулган”, “Тууж”, “Шүлэг, найраглал”, “Шог шүлэг, яриа”, “Өгүүллэг”, “Найруулал”, “Тэмдэглэл”, зургийн цомог зэргийг багтаажээ.