Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” эрдэм шинжилгээний бага хурал маргааш буюу 2018 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хоёрдахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус бага хурлыг 2017 онд МУИС-н Европ судлалын тэнхим анх санаачлан явуулсан ба хурлаар хэлэлцсэн илтгэлүүд нь“Европ судлал” Эрдэм шинжилгээний бичигт хэвлэгдэн олны хүртээл болсон билээ.
“Европ судлал: хэл, соёл, олон улсын харилцаа, орон судлал” хоёрдугаар бага хурлыг 2018 онд ШУА-ийн Олон Улсын Харилцааны Хүрээлэн хариуцанзохион байгуулж байна. Энэ жилийн бага хурлын онцлог гэвэл хамрах хүрээ өргөжиж, шинээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудоролцох болж, нийт 34 илтгэл сонсож хэлэлцэнэ.Энэхүү бага хуралд МУИС, ШУТИС, МУБИС, Хүмүүнлэгийн Их сургууль, Үндэсний батлан хамгаалах Их Сургууль, ШУА-н ОУХХ, Тагнуулын Академиас нийтдээ 70 гаруй багш эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож байна.
Тус бага хурал нь Монгол Улсын их дээд сургууль болон судалгаа шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаагшинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой юм.Европын англи, франц, герман, итали, испани, итали, орос, польш, чех хэл судлал болон сургалт, Баруун болон Төв, Зүүн Европын орнууд, Орос судлалыг Монголд эрчимжүүлэн дэмжих, олон улсын харилцаа-орон судлалын чиглэлээр багш, судлаачдын чадавхийг нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгөх нь гарцаагүй.
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь нэгдсэн ба 3 салбар хуралдаанаар зохион байгуулагдана. Үүнд: Олон улсын харилцаа-орон судлал, Хэл шинжлэл ба орчуулга зүй, Гадаад хэлний боловсрол гэсэн чиглэлд тус бүр 9-12 илтгэл тавигдана. Энэ удаагийн хурлын шинэлэг зүйл гэвэл илтгэлүүдтэй шүүмжлэгч судлаач багш урьдчилан танилцах бөгөөд үүний үр дүнд хурлын хэлэлцүүлэг илүү ажил хэрэгч, үр бүтээлтэй болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа.
Нэгдсэн хуралдаанаар:
- “Европын Холбооны нэгдсэн гадаад бодлогын шинэчлэлийн төлөв байдал”
Илтгэгч: Ц. Лхам, доктор (Ph.D), ШУА,ОУХХ, ЭША
- “Улс төрийн хэл шинжлэл:улс төрийн хэлний зураглал дахь “Улсын их Хурал” цогц ойлголт”
Илтгэгч: Н.Нансалмаа, доктор (Ph.D), проф.МУИС,ХУС,Европ судлалын тэнхмийн багш
- “Гадаад хэлний боловсролын хөгжлийн чиг хандлага”
Илтгэгч: академич Б.Жадамба /МУБИС/ зэрэг сонирхолтой илтгэлүүд хэлэлцэгдэнэ.
Монгол улсад Европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл-уран зохиол, түүх- соёл, боловсрол, нийгэм-эдийн засаг, улс төрийн чиглэлээр хөгжүүлэхэд энэхүү бага хурал бодит хувь нэмрээ оруулах бөгөөд ялангуяа европ судлалыг олон улсын харилцаа-орон судлал, хэл шинжлэл ба орчуулгазүй, гадаад хэлний боловсролын асуудлаар орчин үеийн сургалт - судалгааны чиг хандлагад ойртуулахад чухал ач холбогдолтой байх аж.