Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Бүртгэл орон даяар өнөөдөр өглөө 09.00 цагт эхэлж, 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.
2018 оны ЭЕШ-ын журамд дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд:
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон.
- Шалгуулагч Мобиком компианы “Candy” үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой
- Шалгуулагч бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилж харах боломжтой болсон.
- Өмнөх оны шалгуулагчдийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байна.
ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.
Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.
Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
- Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.
Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. Бүртгэл баталгаажсанаас хойш шалгуулагчийн овог, нэр улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд солигдсон бол www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.
Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэршээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.
Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авах гэнэ.
Боловсролын үнэлгээний төвийн Сургалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ "Энэ онд улсын хэмжээнд 12 дугаар ангийг 42 мянга орчим сурагч төгсөнө. Мөн үүн дээр өмнөх онуудад төгссөн 4000 орчим хүүхэд нэмэгдэх тооцоо бий. Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтад хүүхдүүдийн бүтээлч, сэтгэн бодох чадварыг шалгах үүднээс эссэ бичих даалгаврыг нэмж оруулсан. Мөн монгол хэл, орос хэл, англи хэлний шалгалтын сонсох даалгавар нэмсэн. Математик, физик, хими гэсэн хичээлүүдийн шалгалтын хугацаа 100 минут, бусад хичээлүүд 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Мэдээллийн алдаа гарахаас сэргийлж цахим бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын сервертэй холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх боломж бүрдсэн. Улмаар хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал сургуулийнхаа сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандах боломжтой. Түүнчлэн энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг систем нэвтрүүлэхээр зорьж байна" гэв.
Түүнээс ЭЕШ-ын материал задардаг гэх мэдээллийн талаар тодруулахад "ЭЕШ-ын материал задарсан мэтээр иргэдэд ойлгуулах, мөнгөөр хуурамч сэдэв зарах тохиолдлууд жил бүр гардаг. Үүнийг Кибер аюулгүй байдлын албатай хамтран залилан мэхлэх ажиллагаа явуулж буй хэсэг бүлэг хүнийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа. ЭЕШ-ын сэдэв давхардаж, задрахгүй байх талаар бүхий л боломж бололцоог дайчлан ажилладаг. Тухайлбал, 24 цагийн камер дор болон ЦЕГ-ын албан хаагч нараар хамгаалуулсан тусгай бэлтгэсэн вакум орчинд шалгалтын материалыг хэвлэж, ууталж гаргадаг. Үүнээс гараад хүүхдийн гар дээр очих хүртэл процессыг ТЕГ-ын тусгай шуудангийн албатай хамтран явуулдаг учир шалгалтын сэдэв задрах нь боломжгүй юм" хэмээв.