ГХЯ, Монголын түүхийн олимпиадыг зохион байгуулах дэд хороо хамтран 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хилийн чанадад төрж, өссөн Монгол хүүхдүүдийн дунд Монгол түүхийн мэдлэг олгох, эх хэл, соёл ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
“Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн хоёр түвшинд нэг үе шаттайгаар зохион явуулж 11-14 насны ангилалд нийт 75 хүүхэд оролцсоноос Москва хотын 14 дүгээр дунд сургуулийн сурагч Доржготовын Өнөрмаа дэд байрыг эзэлсэн байна.
Олимпиадад шагналт байр эзэлсэн бүх хүүхдэд өргөмжлөл, мөнгөн шагнал, худам монгол бичгээр бичсэн уран бичлэг, Найрамдал олон улсын хүүхдийн цогцолборт амрах эрхийн бичиг олгосныг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зүгээс нийт оролцсон хүүхдүүдэд талархал илэрхийлж, Доржготовын Өнөрмааг Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч, шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
Элчин сайд Б.Дэлгэрмаа шагналыг гардуулах үед хэлсэн үгэндээ: “Анх удаагийн цахим олимпиадад дэлхийн өнцөг булан бүрээс 2 насны ангилалд нийт 132 хүүхэд цахим сорил бөглөж, эссэ бичиж өрсөлдлөө. Цаашид уламжлал болгон явагдах олимпиадын цаг хүрээ улам өргөжин тэлэх болно гэдэгт итгэж байна” гэж онцлон тэмдэглэв.