“Шинжлэх ухаандаа ач холбогдол өгдөггүй ард түмэн тархиа хөгжүүлээгүй хүнтэй адил. Тухайн улс үндэстний тархи болсон шинжлэх ухааны салбарыг тэжээн тэтгэж, зөв чиглүүлэн, дэмжиж “тойглоогүй” цагт хөгжих, урагшлах боломж үгүй” хэмээн ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлсэн нь тун оновчтой, нүдээ олсон зүйрлэл байв. Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаж буй аливаа бэрхшээлийг шийдэх арга замыг шинжлэх ухаан, технологи гэж үзэн, түүнд зарцуулах хөрөнгөө байнга нэмж, мэдлэгийг хэрхэн баялаг болгох вэ гэдэгт гойд анхаарч эхэлсэн.
Манай улс ч сүүлийн жилүүдэд мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх чухал зорилт дэвшүүлж, энэ талаар нэлээд ярих боллоо. Харин бид үүнийгээ биелүүлэхийн тулд хэр чармайж байгаа бол. Шинжлэх ухааны салбарт ямар ахиц дэвшил гарав. Манай эрдэмтэн, судлаачид чухам юу бүтээж, үйлдвэрлэлд нэвтрүүлж байна вэ. Улс эх орныхоо хөгжлийн түүчээ, залуур, “тархи” нь байх эрхийг тэдэнд олгож байна уу.
Эдгээр асуултад бүрэн биш ч, дөхөм хариу өгөх нэгэн чухал арга хэмжээг ШУА-иас өчигдөр зохион байгуулав. Энэ бол тус салбарынханд өчигдрөө дүгнэж, маргаашаа, ирээдүйгээ “зурах” боломж олгодог ээлжит их чуулган юм. Тэд жил бүрийн өдийд ийн чуулж, өнгөрсөн оны ололт, амжилт, судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнгийн талаар тайлагнадаг. Ийм арга хэмжээ зохион байгуулах нь ямар хэрэгтэй, хэнд ашигтай юм гэж уншигч та бодож магад. Гэхдээ бага чулуугаар их чулуу хөдөлгөдгийг санаарай. Чуулганаас гарсан санал, санаачилга, бодлого тодорхойлогчдод хүрч, салбарын хөгжилд түлхэц болох чухал шийдвэрүүдийг “мэндлүүлэх” нь бий аж.
Өнгөрсөн жил тус салбарынханд хэр өгөөжтэй байсан талаар ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид “2017 оныг “Хүрээлэнд хүрч дэмжих жил” болгон зарлаж, шинжлэх ухааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэн, судалгаа хийх орчин, материаллаг баазыг сайжруулж, суурь бүтцийг бэхжүүлэхэд анхаарч, дорвитой ахиц гаргалаа. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогыг Засгийн газар өнгөрөгч онд шинэчлэн батлав.
Салбарын хэмжээнд мөрдөж буй эрх зүйн баримт бичгийг үүнд нийцүүлэн өөрчлөх, шинэчлэх ажлыг эхлүүлж, харьяа хүрээлэнгүүд хөгжлийн дунд хугацааны стратегийн баримт бичгээ боловсруулсан. Төр, засгаас аливаа бодлого, шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж, хэрэгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарч, эрдэмтдийг сонсож, саналыг нь тусгах болсон нь сайшаалтай” гэсэн юм.
ШУА-ийн гадаад харилцаанд ч бодитой ахиц гарч, есөн улсын шинжлэх ухааны байгууллагатай технологи, инновацын хүрээнд хамтран ажиллах гэрээ шинээр байгуулсныг тэрбээр онцолсон. Түүнчлэн манай эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээл өндрөөр үнэлэгдэх болж, олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүллийн тоо 2017 онд өмнөх жилийнхээс есөн хувиар өсчээ. Дэлгэрүүлбэл, эрдэм шинжилгээний өгүүлэл 718 (гадаадад 227), патент, технологийн заавар ес, стандарт 12, аргачлал 23, ТЭЗҮ, ашигтай загвар хоёрыг “үйлдвэрлэжээ”.
Эл салбарынханд тулгамдсан гол асуудлуудын нэг нь материаллаг бааз болон судалгааны орчин. Тэгвэл өнгөрсөн онд БСШУСЯ-наас үүнд 1.6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. 11 объектод урсгал засвар хийхэд болон шинээр байгуулж буй, Биологийн идэвхтэй бэлдмэлийн туршилтын цех, Шинжлэх ухааны судалгааны лабораторид тавилга, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авахад үүнийг ашигласан байна. Харин хүрээлэнгүүдийн лабораторийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад академийн урсгал зардлаас 198.5 сая төгрөг зарцуулсан аж.
Чуулганы үеэр яригдсан, оролцогчдын хамгийн их сонирхож байсан өөр нэг зүйл нь шинжлэх ухааны салбарын төсөв. Манай улс шинжлэх ухааны салбарт зарцуулах төсвөө 2012 оноос хойш тогтмол танасаар байгааг албаныхан хэлдэг. Харин ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Салбарын төсөв 2016, 2017 онд бага боловч нэмэгдэж буй. Энэ онд гэхэд өмнөх жилээс гурав орчим тэрбумаар нэмсэн” гэсэн бол тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар “Шинжлэх ухааны салбарт улсын төсвөөс хуваарилж буй хөрөнгө дэлхийн дунджаас хэдэн арав дахин бага. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд энэ төсвийг ирэх жилүүдэд тав дахин нэмэгдүүлнэ гэсэн гэгээлэг зорилт байсан. Өнөө маргаашдаа биелнэ гэх найдвар төрүүлэхгүй байна. Эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед энэ бэрхшээлийг шууд шийдэх амаргүй. Гэхдээ яваандаа эдийн засаг тогтворжоод, сэргэх үед дорвитой “үсрэлт” хийгээд, жишиг тогтоочихмоор байна” хэмээсэн юм.
Түүнчлэн салбарын хүний нөөцийг чадавхжуулж, бэхжүүлэхэд анхаарах болсныг онцолсон. “Төрийн өмчийн их, дээд сургуулийн багш нарын дундаж цалин 1.2-1.5 сая байгаа. Гэтэл тэднээс дутахааргүй нөхцөлд ажилладаг эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин үүнээс хоёр дахин бага байгаа нь боломжийн орлоготой, дунд зэргийн компанийн үйлчилгээний, туслах ажилтныхтай дүйнэ. Ийм байхад хэн энэ салбарт ажиллахыг хүсэх юм бэ. Оюуны үнэлэмжийг бодолцон, цалингийн системийг өөрчлөх хэрэгтэй. Үүнийг шийдэхгүй бол шинжлэх ухааны салбарын чадавх бэхжихгүй, хүний нөөцийн хомсдол арилахгүй” гэлээ.
Судалгаа, шинжилгээний бүтээлээ эргэлтэд оруулж, инновац бий болгосон, үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр зэхэж буй эрдэмтэн, баг хамт олон ч чуулганд цөөнгүй ирсэн байв. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийнхан шүлхийгээс сэргийлэх, 80-аас доошгүй хувийн идэвхтэй тосон адьювант (дархлааны хариу урвалыг хүчжүүлэгч)-тай вакцины технологи боловсруулжээ. Тус академийн ерөнхийлөгч Б.Бямбаа “Бид шүлхийн вакцины технологи боловсруулахаар таван жилийн өмнөөс “хөөцөлдөж”, гадаад, дотоодоос туршлага судалж, нэлээд явсан.
Энэ онд эцсийн үр дүн нь гарч, малын шүлхийг эсэргүүцэх, сэргийлэх зорилготой вакцины технологио боловсрууллаа. Энэ нь өдгөө ОХУ, БНЭУ-д үйлдвэрлэдэгтэй, ялангуяа хойд хөршийнхтэй тун төстэй. Цаашид холбогдох байгууллагуудад санал тавьж, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлд анхаарна. Манай улс өдгөө жилд 4-5 тэрбум төгрөгийн вакцин Оросоос худалдаж авдаг. Харин бид үйлдвэрлэлээ эхлүүлчихвэл хоёр тэрбум төгрөгөөр л ийм хэмжээний вакцин нийлүүлнэ. Ингэхийн тулд үйлдвэрлэл явуулах тусгай байр, тоног төхөөрөмж, түүхий эд, эх материал, эм урвалжийн зардлыг шийдчихэд л хангалттай” гэлээ.
2017 онд шинжлэх ухааны салбарт гарсан зарим ололт:
Литийн ионы батарей гарган авах технологийн судалгаагаар “R2032” маркийн зоосон батарей гарган авчээ.
Шар цав дахь үл хөдлөх, биет өвийг газар дээр нь хамгаалж, шинжлэх ухааны аялал жуулчлалыг хөгжүүлэн, ЮНЕСКО-гийн “Геопарк” төслийг Монголд нутагшуулах зорилгоор “Палеопарк” төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Aepyornithomimus tugrikinensis хэмээх шинэ төрөл, зүйлийг тогтоож, “Монголын Төгрөгийн ширээгийн дээд цэрдийн жодохт формациас олдсон анхны орнитомимид үлэг гүрвэл” нэртэй өгүүллийг “Nature” сэтгүүлд хэвлүүлэв.
Төв аймгийн Баянцагаан сумын Чихэртийн зоо хэмээх дурсгалт газар археологийн малтлага хийж, Хүннүгийн дурсгалын холбогдох он цагийг 200-300 жилээр урагшлуулжээ.
“Дэлхийд тархсан Монголын өв” цуврал судалгааны хүрээнд ОХУ-ын Эрмитаж дахь сан хөмрөгт хадгалагдаж байсан Хараагийн Ноён уулаас олдсон Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгалыг судалгааны эргэлтэд оруулж, анх удаа бүрэн хэмжээгээр нь Монголд хэвлэсэн.
Мал, амьтны төрөл бүрийн шарх эмчлэх “Бартазел” тосон түрхлэг, яс, зөөлөн эдийн гэмтэл, бэртлийг эмчлэх “Барагшун-EN”, мал, амьтныг амин дэмээр хангах “Барагшунт” тэжээлийн нэмэлт бэлдмэлүүдийн технологи боловсруулж, үйлдвэрлэв.