Манай улсад анх удаа Лазерын судалгааны лаборатори байгууллаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр гурван тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн лабораторийг МУИС-д түшиглэн нээв. Тус лаборатори нь өндөр хүчин чадалтай орчин үеийн лазерын систем, лазер машин зэрэг 66 нэр, төрлийн тоног төхөөрөмжтэй аж.
Лазерын судалгааны лаборатори байгуулснаар лазерын цацраг ба бодисын харилцан үйлчлэлийн өндөр түвшний судалгаа хийж, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник, технологийн салбарт шинэ мэдлэг, өргөн хэрэглээ бий болгох чухал ач холбогдолтой гэнэ.
МУИС-ийн Физик, лазерын лабораторийн эрхлэгч Ж.Даваасамбуу “Энэ лаборатори нь дэлхийн жишигт нийцсэн, хамгийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдтэй. Үүний тусламжтайгаар бид олон улсын түвшний судалгаа хийх боломж бүрдэж буй. Бид урьд нь энэ төрлийн лабораторид судалгаа хийхийн тулд гадаад явах шаардлагатай байсан бол одоо зарим улс орны эрдэмтэд манайд ирж хэмжилт хийх боломжтой. Энэ бол зөвхөн МУИС-ийнх биш, Монгол Улсын бүх судлаачид нээлттэй лаборатори” гэв. Тус сургуулийнхан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонтой лазерын мэс засал хийх болон зөвлөгөө өгөх тал дээр хамтарч ажиллах юм байна.