Монгол Улсад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын валютын сангийнхан долоон төрлийн татвар нэмэх саналыг манайханд санал болгосон. Тэдний заасан замаар Монгол Улсын Засгийн газар “алхаж” байна. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос нэмэх шийдвэр олны анхаарлыг онцгойлон татаж байгаа. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрт хамаатай учраас аргагүй биз. Бүх ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдэх нь тодорхой боллоо.
Учир нь хувь хүний төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх оноос нэг хувиар нэмж авах юм. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг хураамжийг нэг хувиар өсгөх нь. Хувь хүн нийгмийн даатгалынхаа шимтгэлд цалингийнхаа 10 хувийг төлдөг байсан. Тэгвэл нэг хувиар нэмэгдсэнээр 11 хувийн татвар төлөхөөр болж байна. Үйлдвэрлэл эрхэлдэггүй ажил олгогч ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлд 11, эрхэлдэг нь 12 хувийн шимтгэл төлдөг.
Тэгэхээр аж ахуйн нэгж, байгууллагын төлөх нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд 12-13 хувь болно гэсэн үг. 2020 он гэхэд хувь хүн 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болно. Засгийн газрын бодлогын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр багаар нэмсээр ийм хэмжээнд хүргэнэ гэсэн үг.
Цалин болон цалинтай адилтгах орлогоос хүн амын орлогын албан татвар хураадаг. Хүн амын орлогын албан татварын нэмэлт, өөрчлөлтийг ирэх оноос мөрдөж эхэлснээр 1.5 сая төгрөгөөс доош цалин авдаг хүмүүсийн татварыг хэвээр үлдээх нь. Өөрөөр хэлбэл, өнөөгийн мөрдөж буй хуультай адил иргэн 10 хувийн татвар төлнө гэсэн үг. 2016 оны эцэст улсын дундаж цалин 942 мянган төгрөг байсан юм. Тэгэхээр 1.5 сая төгрөгөөс бага цалин авдаг дунджууд буюу нийт ажиллагсдын олонхын хүн амын орлогын албан татвар нэмэгдэхгүй нь. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөр тогтсон учраас дунджуудын цалингаасаа төлөх татвар зайлшгүй нэг хувиар нэмэгдэж таарах нь.
Хуулийн өөрчлөлтөөр 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүсийн хүн амын орлогын албан татварыг ангилалтайгаар өсөх нь. Тухайлбал, 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай хүн 1.5 сая төгрөг хүртэлх цалиндаа 10, түүнээс дээш гарсан нэг сая төгрөгтөө 15 хувийн татвар төлөх юм. Тэгвэл 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай ажилтан хэр хэмжээний татвар төлөх вэ. 1.5 сая төгрөг хүртэлх цалиндаа 10, түүнээс 2.5 сая хүртэлх хэсэгтээ 15, цаашлаад 3.5 сая хүртэлх хэсэгтээ 20 хувийн татвар төлнө.
3.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүн 1.5 сая хүртэлх хэсэгтээ 10, түүнээс 2.5 сая хүртэлх хэсэгтээ 15, 3.5 сая хүртэлх хэсэгтээ 20, 3.5 саяас дээш гарсан хэсэгтээ 25 хувийн татвар төлөх нь. Хүн амын орлогын албан татварыг шатлалтай болгосноо Засгийн газар нийгмийн орлого ихтэй хэсгээс баялгийг орлого багатай руу нь шилжүүлэх бодлого баримталж байна гэж тайлбарлаж буй.