Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар бууруулан, 11-д хүргэх шийдвэр гаргав. Арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 6.5, нийслэлд 7.6 хувь байжээ. Ер нь дунд хугацаанд уг үзүүлэлт Төвбанкны зорилтот найман хувийн түвшинд тогтвортой байх төлөвтэй аж.
Манай улсын эдийн засаг 1-3 дугаар улиралд хүлээлтээс давж өссөн. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл, бүтээн байгуулалт эрчимжин, богино хугацааны өрийн эргэн төлөлтийн дарамт буурч, гадаад худалдааны нөхцөл сайжирч буйтай холбоотойгоор макро эдийн засгийн эрсдэл багасаж, эерэг нөлөө үзүүлж байгааг Төвбанкныхан тэмдэглэв.
Бизнесийн зээл, уул уурхайгаас хамаарал бага салбаруудын өсөлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах шаардлагатай хэвээр буйг мөн дурдлаа. Мөнгөний бодлогыг зөөлрүүлэх уг шийдвэр эдийн засгийн өсөлт, бизнес идэвхжих, ажил эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх нь.