ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдан, манай улсад 79.1 сая ам.долларын санхүүжилт олгох болсонтой холбоотойгоор тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер өчигдөр мэдээлэл өглөө. Уг санхүүжилт манай улсын дансанд тэр дороо орж ирэхийг дурдсан тэрбээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нааштай олон үзүүлэлт гарсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханш тогтворжиж, гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдсэн, олон улсын зах зээлд арилжсан бондын хүү эрс буурсан. Дотоодын зах зээлд ЗГҮЦ-ны хүү 18 хувь байсан бол 11 рүү дөхөж очсон. Банкуудыг бэхжүүлэх ажил хийж буй тул урт хугацаанд зээлийн хүү буурна гэсэн найдлага бий. Түүнчлэн гадаад валютын нөөц эрчимтэй өсөж, 2.5 тэрбум ам.долларт хүрсэн, цаашид ч нэмэгдэх төлөвтэй” гэв.
Мөн 2021 онд төсөв ашигтай гарах төсөөлөлтэй буй аж. Тус сангийнхан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 онд 4.5 хувьд хүрнэ гэж таамаглажээ. Гэхдээ түүхий эдийн үнээс ихээхэн хамааралтай тул хамгаалах нөөц бүрдүүлэх хэрэгтэйг сануулсан. Тухайлбал, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, өрөө багасгах хэрэгтэйг Нэйл Сакер хэлж байв.
Дээрх хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хэсэг ирэх нэгдүгээр сарын эцсээр Монголд ирж ажиллах юм байна. Ер нь тус ажлын хэсэг гурван сар тутам ирж ажиллах юм. Тэгвэл дараагийн үнэлгээний дүнг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 2018 оны гуравдугаар сарын сүүлчээр хэлэлцэх нь.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийж буй. Үр дүн нь хараахан эцэслэгдээгүй байгаа аж. Уг үнэлгээ нь банкны салбарыг бэхжүүлэх том үйл явцын зөвхөн нэг хэсэг бөгөөд хууль, эрх зүйн орчныг шинэчлэх хүлээлттэй байгаа билээ. Дээрх үнэлгээний үр дүн гарсны дараа банкууд бизнес төлөвлөгөө боловсруулах аж. Хэрэв банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай нь тогтоогдвол үүнд зургаа орчим сарын хугацаа олгох бололтой.
Эцсийн хугацаа нь ирэх оны гуравдугаар улирал гэж үзэж буй юм байна. ОУВС-гийн зүгээс зээлийн хүүг бууруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа гэнэ. Үүний тулд банкуудад итгэх итгэлийг нэмэгдүүлж, өрсөлдөөнтэй болгох хэрэгтэйг тэмдэглэж байна. Банкуудын зээлийн хэмжээ нэмэгдэж, илүү олон салбарт санхүүжилт олгох нь эдийн засгийг төрөлжүүлэхэд ач холбогдолтой гэлээ.