Арилжааны банкуудын дүрмийн сангийн доод хэмжээг 2020 он гэхэд 100 тэрбум төгрөгт хүргэх талаар ярилцаж эхэлжээ. Хөгжлийн банкны дүрмийн санг 100 тэрбум төгрөгт хүргэсэн. Үүнтэй дүйлгэхээр ийм санаачилга гаргасан аж. Гэхдээ энэ шийдвэрийг Монголбанкнаас албан ёсоор гаргаж, банкуудад үүрэг болгоогүй гэнэ.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийж буй. Энэ ажил дууссаны дараа дүрмийн санг нь хэдэн тэрбум төгрөгт хүргэх шийдвэрийг албан ёсоор гаргана гэсэн хүлээлт банкуудын дунд байна. “Дүрмийн санг дор хаяж 80 тэрбум төгрөгт хүргэнэ. Бэлтгэлтэй бай” гэсэн чиглэлийг Төвбанкнаас аман байдлаар өгөөд буйг эх сурвалж дуулгав.
Монголбанкны ерөнхийлөгч 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд энэ оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд банкуудын дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх тушаал гаргаж байсан. Өмнө нь банкуудын дүрмийн сангийн доод хэмжээ 16 тэрбум төгрөг байв.