Улс орнуудын хөрөнгийн биржийн индексүүд өчигдөр өслөө. Тухайлбал, Японы “Nikkei 225” гэхэд 1992 оноос хойших, Германы DAX индекс түүхэн дээд түвшиндээ хүрснийг “Reuters” дамжуулав. Арлын орны индекс 22,937 нэгжид хүрсэн байна.
“Okasan securities” компанийн тооцож буйгаар “Nikkei 225” индекс 2019 оны гуравдугаар сар гэхэд 25,000 нэгжид хүрэх гэнэ. Тэгвэл Лондон дахь “Mint partners” компанийн стратегич Мартин Малоне “Nikkei 225” индекс дунд хугацаанд 26,000 нэгжид хүрэх төлөвтэй” гэсэн бол “Nikko asset management”-ийнхний тооцож буйгаар ирэх хоёр жилд дээрх тоо 30,000 нэгжид хүрэх аж.
Гадаадын хөрөнгө оруулагчид Японы зах зээлийг ихээхэн сонирхож буй агаад өнгөрсөн сард гэхэд 2.2 их наяд иен (19.6 тэрбум ам.доллар)-ийн үнэт цаас худалдан авчээ. Энэ нь 2013 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт гэнэ.